58 хүний аминд хүрсэн Лас Вегасын алуурчин олон саяын хөрөнгөтэй байжээ

685

 

Лас Вегаст болсон тоглолтын үеэр 58 хүн алж 500 гаруй хүн шархдуулсан 64 настай алуурчин чинээлэг покерчин байсан талаар түүний дүү хэлжээ.  Тэрээр Лас Вегасын Мандалэй Бэй зочид буудлын 32 давхраас үзэгчид рүү автомат буугаар буудаж, түүний дараа өөрийгөө хороосон байна. Өнгөрсөн пүрэв гарагаас хойш тэрээр энэ өрөөгөө хөлсөлсөн бөгөөд өрөөнөөс нь 18 галт зэвсэг олджээ.

АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүнийг буудан хороосон Стивен Пэддокийн талаар ил болсон мэдээллийг хүргэж байна.

Тэрээр 64 настай бөгөөд Невада мужийн Мескит хотод амьдарч байжээ. Өмнө нь Пэддок Флорида мужийн Орландод амьдарч байсан.

  • Эхнэрээсээ салсан, хүүхэдтэй эсэх нь тогтоогдоогүй, Мескитэд нэгэн эмэгтэйтэй амьдарч байсан
  • Түүнээс хэзээ ч хүчирхийллийн зан араншин илэрч байгаагүй талаар Флоридад суудаг дүү Эрик Пэддок хэлжээ.
  • Түүний аав банкны дээрэмчин байсан талаар Эрик Пэддок хэлсэн байна. Холбооны мөрдөх товчооны хамгийн өндөр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийн жагсаалтад түүний аав Бенжамин Хоскинс Пэддок 1969 оны зургаадугаар сарын 10-наас 1977 оны тавдугаар сарын 5-ныг хүртэл бичигдэж байжээ. Бенжамин Хоскинс Пэддок 1969 онд шоронгоос оргож, 1978 онд Орегоноос баригдах  хүртлээ нуугдаж амьдарчээ.
  • Аав нь хэдэн жилийн өмнө нас барсан бөгөөд Эрикийг төрөхөд аав нь зугатаж амьдарч байсан ба ээжтэй нь огт хамт байгаагүй талаар ярьсан байна.
  • Стивен хамгийн сүүлд дүүтэйгээ Ирма хар шуурганы улмаас цахилгаангүй болоод байсан ээжийнхээ талаар зурвас бичин асуух гэж холбогдож байжээ. Мөн Стивен ээжтэйгээ хамгийн сүүлд нэг эсвэл хоёр долоо хоногийн өмнө утсаар ярьсан талаар Эрик хэлжээ.
  • Эрик Пэддок ах нь хэзээ ч алан хядагчдын бүлэглэлтэй холбоо харилцаатай байгаагүй бөгөөд яагаад ийм зүйл хийснийг нь мэдэхгүй байна гэжээ.
  • Тэр усан онгоцонд покер тоглож явдаг чинээлэг нэгэн байсан хэмээн дүү нь хэлжээ.
  • Мөн хэд хэдэн орон сууц, байшин эзэмшдэг байсан талаар  дүү нь ярьсан байна.
  • Стивен Пээддокийн салсан эхнэр Лос Анжелест амьдардаг  бөгөөд түүнтэй олон жил холбоогүй байсан гэнэ. Тэд гэрлэснээсээ хойш дөрвөн жил 9 сарын дараа буюу 27 жилийн өмнө салжээ.
  • Албаныхны мэдээлснээр Мескит дэх Пэддокийн гэрээс галт зэвсгүүд олдсон байна. Эрик Пэддок ахдаа жилийн өмнө Мескит рүү нүүхэд нь тусалжээ.
  • Түүний хамтран амьдрагч Марилоу Дэнлей гэх эмэгтэй байгаа талаар Лос Вегасын цагдаагийн газраас мэдээлжээ.
  • Алан хядах ажиллагаа болох үеэр эмэгтэй Филлиппинд байжээ. Пэддок түүний хэд хэдэн биеийн байцаалтыг ашиглаж байсан талаар цагдаагийнхан мэдээлсэн байна.
  • Тэрээр зочид буудлын өрөөнийхөө цонхыг алхтай төстэй багажаар хагалжээ. Тэрээр галт зэвсгүүдээ зочид буудлын өрөө рүү өөрөө авч орсон байна.
  • Зочид буудлын ажилчид өрөөнд нь орж байсан ч юу ч анзаараагүй аж.

Эх сурвалж: Mirror.co.uk