Өнгөрсөн онд архины хордлогын улмаас 356 хүн амиа алджээ

1931
Өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд архидалт, гэмт явдалтай тэмцэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Уг хэлэлцүүлгээр уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрийг согтууруулах ундаагүй өнгөрүүлэх, хууль эрх зүйн хяналтыг чангатгах, сайжруулах, сэтгэл заслын чиглэлээр нөлөөллийн ажил байнга явуулахыг Цагдаагийн ерөнхий газраас уриалж байна.
Наркологичид архи согтууруулах ундаа хэрэглэхэд “зохистой” хэрэглээ байдаггүй гэж тэмдэглэдэг ч “хэрэглээний соёл, мэдлэг”-ийг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай.
Мөн нийгэмшлийн орчны нөлөөллийг бууруулах, өсвөр үеийнхнийг согтууруулах ундааны хэрэглээнээс хол байлгах нь ирээдүйн залуучуудыг бэлдэх эхний алхам болно.
Архины хор хөнөөлийг бууруулахад архины үйлдвэрийн тоог нэмэгдүүлэхгүй байхын зэрэгцээ иргэд, ялангуяа өсвөр үед амьдралын зөв хэвшил эзэмшүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах арга хэмжээг шат дараалалтай авч, үүнд иргэдийн идэвх санаачилга, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо чухал байна.
    2017 онд архины хордлогын улмаас 356 хүн амиа алджээ
Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4012 буюу 12,4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86497 хүн саатуулагдсан. Нийт саатуулагдсан хүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0,31 хувь нь насанд хүрээгүй хүн байна.
Цагдаагийн байгууллагаас аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулан архинд донтох өвчтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулсан.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсээс авсан судалгаагаар 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн амиа алдсаныг өмнөх онтой харьцуулахад 15,5 хувиар өссөн байна.