Д.Сумъяабазар: Цаашдаа шатахууны үнэ буурах хандлагатай байгаа

395

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газрын хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Хувьцааг мөнгө болгох асуудал ажил хэрэг болох нь гэж ойлгож болох уу?

-‘Эрдэнэс Монгол’ компани байгуулагдаад 12 жил боллоо. Энэ хугацаанд компани баялгийн сан бий болгож, ард түмэнд өгөөж өгсөнгүй. Тус компанийн стратегийн үндэслэлтэй 39 ордоос 16-г нь нэгдэлд оруулах УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан байдаг. Үүнээс найм нь л Засгийн газрын мэдэлд ирж байна. Үлдсэн найм нь хараахан төрийнх болоогүй байна. Төр өмчөө бүртгэж чадахгүй байна. “Эрдэнэс Монгол” урагшаа хөдөлсөнгүй. Тиймээс үүнийг зайлшгүй хөдөлгөх хэрэгтэй байна. Одоо уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа.

Улс төрийн шийдлийн хувьд эсэргүүцэх хандлага ажиглагдахгүй байна. Дээр нь нэмээд нийгмийн дэмжлэг байгаа. Үүнээс гадна МАН 1072 хувьцааг амилуулах, ‘Эрдэнэс Тавантолгой’-г эдийн засгийн эргэлтэд оруулах, баялгийн сан байгуулах зэргийг мөрийн хөтөлбөртөө заачихсан. Одоо үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Энэ үүднээс би Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд үүнийг санаачилж, ажил хэрэг болгох ажлыг эхлүүлж байна.

Баялгийн сангийн нэгдэл, ‘Эрдэнэс Монгол’ компанийн дүрэмд нь өөрчлөлт оруулж, шинэ бүтэц, зохион байгуулалттай болгож, хувьцааг нь бүртгэж, төрд авах ёстой юм. Хүмүүс үүнийг улс төрөөс хараат бус, тусад нь байлгах ёстой л гэдэг. Гэтэл төрөөс хараат хүмүүс чинь хариуцаад 12 жил болж байхад хөдөлгөсөнгүй шүү дээ.

-Томоохон үйлдвэр, ордуудын хувьцааны 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргах талаар яригдаж байгаа. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна. Засгийн газрын хуралдаанд танилцуулах гэж байна. Бид эхлээд хувьцааг нь дүрмийн дагуу бүртгэж, хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл ажлыг хийнэ. Үүнд тодорхой хугацаа орно л доо. Гэхдээ энэ ондоо багтаах чиглэл өгч байгаа. Энэ онд багтахгүй он дамжчихвал ажил удааширна гэж бодож байна. Тиймээс арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө багтаж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах ямар л бололцоо байна бүгдийг нь ашиглах хэрэгтэй.

Тавантолгойг хөдөлгөх нь улс орны эдийн засагт тустай. Мөн бид Тавантолгойгоос олж байгаа мөнгийг шууд эдийн засаг руу цутгаж болохгүй. Харин хуримтлал бий болгоно. Ер нь Норвегийн баялгийн сангийн жишээнд тулгуурлаж, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах талаар ярилцаж байгаа. Норвеги Улсын баялгийн сангийн экспертүүдийг албан ёсоор урьсан. ‘Эрдэнэс Монгол’-ын чадавхийг нэмэгдүүлэхийн тулд зовлонг нь үзсэн, мэдлэг чадвартай хүмүүстэй зөвлөлдөж, шийдэлд хүрэх хэрэгтэй. 2008 онд Баялгийн сангийн хуулийг санаачилсан ч халамж болоод дууссан. Үүнийг бид болих хэрэгтэй.

-1072 ширхэг хувьцаанаас эхний ээлжид 108-г нь мөнгө болгох талаар Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөн гэсэн. Засгийн газрын зүгээс хэрхэн шийдвэрлэх бол?

-Бид эхлээд хувьцаагаа бүртгэх хэрэгтэй. Бүртгэх ажлыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах ёстой. Үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд энгийн, давуу эрхийн хувьцаа хэдийг гаргах зэрэг нарийн зүйлүүдээ хийх хэрэгтэй. Хүмүүс хувьцаагаа мөнгө болгоод л боллоо гэж ойлгож болохгүй.

-Баялгийн сангийн тухай хуулийн төслийн гол өөрчлөлт нь юу вэ?

-Норвеги улс Баялгийн сандаа бүх орлогоо төвлөрүүлж байгаад улсын төсөвтөө хуваарилж өгдөг юм билээ. Бид энэ жишгийг манай нөхцөл байдалд нийцэх үгүйг нь сайн судлах хэрэгтэй байгаа юм. Гэхдээ аль болох хэрэгжээд амжилтад хүрсэн хуулийн концепцийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

-‘Эрдэнэт үйлдвэр’-ийн 51 хувийг барьцаалж зээл авсан асуудлаар гаргасан Арбитрын шүүхийн шийдвэр Засгийн газарт ирсэн үү?

-Энэ нэлээд маргаантай зүйл. Ерөнхий сайдад асуулга тавьчихсан байгаа. Одоо хэн нэгнийг буруутгаж, нэр холбохоос илүүтэй, асуудлыг нарийн судалж байж, УИХ-д танилцуулах нь зүйтэй гэж бодож байна.

-‘Эрдэнэт үйлдвэр’-ийн 49 хувийг төрд авсан Засгийн газрын тогтоолыг шүүх хүчингүй болгох талаар олон хүн ярьж байна. Хэрвээ Засгийн газар шүүх дээр ялагдвал яах вэ?

-Ялагдахгүй байх.

-Татварыг нь цуцалсан ч шатахууны үнэ 130-аас дээш төгрөгөөр нэмэгдсэн. Шатахууны үнийн нэмэгдэлд ямар арга хэмжээ авах вэ?

-Аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудал нэлээд төвөгтэй байна. Үнийн зөвлөлийг би өөрөө удирдах нь зүйтэй гэдэг төслийг Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байгаа. Шатахууны үнийн асуудалд төр зохицуулалт хийх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ өнөөдөр зохицуулалт хийх барьц алга байна. Төрийн зүгээс шатахууны үнэ нэмж байгаад хариуцлага тооцно.

Мөн ‘Роснефть’ компанийнхантай үнийн асуудлаар уулзаж, ярилцана. Шатахууны импортын энэ сарын үнэ нь 43 ам.доллараар нэмэгдэнэ. Тэгэхээр одоогийн байдлаар шатахууны үнэ буурахгүй байх магадлалтай. Харин гуравдугаар сард импортын үнэ 10-15 ам.доллар, дөрөвдүгээр сараас 40-50 доллараар буурах магадлалтай байгаа. Мөн зургаадугаар сард ‘Роснефть’ компанитай гэрээгээ шинэчлэхдээ 20-40 ам.доллароор буулгах талаар ярилцана. Тэгэхээр цаашдаа шатахууны үнэ буурах хандлагатай байгаа.