-Харин зургаан жилээс бага хугацаанд ашигласан машины хүрэлцээ, үнэ ханш эгэл иргэдийн маань халаасны хэмжээтэй дүйх үү гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй санагдана-
Улсын хэмжээнд 831 мянга 552 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Замын цагдаагийн алба болоод Авто тээврийн үндэсний төвийн албан бүртгэлийг үндэслэн энэ тоог гаргасан байна. Нийт тээврийн хэрэгслийн 766 мянга 019 нь автомашин, үлдсэн нь механизм, чиргүүл, мотоцикль байна. Харин татварын албанд автомашин болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн байдлаар бол тээврийн хэрэгслийн тоо илт зөрүүтэй харагдаж байна. Улсын хэмжээнд 541 мянга гаруй тээврийн хэрэгслийн эзэд жил тутам татвараа төлж, техникийн үзлэгт хамрагдаж байдаг гэсэн тоо гарснаас харвал зөрүү болох 200 мянга гаруй тээврийн хэрэгсэл хаана байна вэ. Тэдгээр 110 мянга орчим нь ашиглалтаас гарч, эвдэрч гэмтсэн, шатсан зэрэг шалтгаанаар аль хэзээний төмрийн хаягдал болон хил давж одсон байдгийг албаны эх сурвалж тодотгож байлаа. Нэгэнт “жагсаалаас гарсан” тээврийн хэрэгслийг бүртгэлээс бүрмөсөн хасаагүйгээс болж, машинаа унаж эдэлдэггүй хэр нь татвараа төлөх үүрэг автомашин эзэмшигч иргэдэд ногдсоор байна. Унаагүй машиндаа татвар төлөх нь бүү хэл унаж яваадаа эзэн болж чадахгүй байгаа мянга мянган жолооч нарын асуудлыг нэг тийш шийдэхээс эхлээд автотээврийн салбарт цэгцэлж эмхлэх ажил чамгүй байна.
Автотээврийн салбарт баримтлах бодлого, ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа салбарын сайд Д.Ганбат саяхан олон нийтэд танилцуулсан. Тэрээр баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах болсноо онцгойлон мэдэгдэв. Урт удаан эдэлгээтэй, тохилог, монгол орны хатуу ширүүн уур амьсгал, зам харгуйн бартааг даах чадвартай нь батлагдсан япон машинууд цөм баруун талдаа жолооны хүрдтэй. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48 хувь, Улаанбаатар хотын автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байдаг ажээ. Гэтэл манай улс баруун гарын дүрэм буюу зүүн талдаа хүрдтэй машинд зориулсан дүрэм болоод замын байгууламжтай. Үүнээс үүдэн гэрэл гялбахаас эхлээд осол аваар гарч байгаагаас ийн шийдсэн гэдгээ Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тайлбарласан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс баруун хүрдтэй машины импортыг хязгаарлах гэнэ. Нэгэнт орж ирээд хүмүүс худалдан авчихсан машины хувьд юун түрүүн гэрлийн тусгалыг өөрчлөх, жолооны хүрдийг шилжүүлэх байдлаар асуудлыг шийднэ гэсэн бодлогыг салбарын яамнаас барьж буй юм байна.
Үйлдвэрлэгч улс орны хувьд ашиглалтаас хасагдсан хуучин автомашиныг олноор нь оруулж ирж байгаагийн цаад шалтгаан иргэдийн эдийн засгийн боломжтой холбоотой. Хэрэвзээ иргэд маань үйлдвэрээс гарсан машин авах чадалтай сан бол Европ болон АНУ-ын нэгэн адил зөв талдаа жолоотой машинаа японд захиалаад авчих байсан. Даанч үйлдвэрлэсэнээс хойш багагүй гүйсэн машиныг үнэ нь буурсны дараа л зээлээр авах боломж сая бүрддэг нь бидний бодит амьдрал.
Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэгжүүлж буй энэ бодлогын санаа нь зөв ч хэрэгжих явцад хэний эрх ашиг илүү хөндөгдөх вэ гэдгийг ямагт бодолцох ёстойг сануулахад илүүдэх юун. Үйлдвэрлэгч улс орны хувьд ашиглалтаас хасагдсан хуучин автомашиныг олноор нь оруулж ирж байгаагийн цаад шалтгаан иргэдийн эдийн засгийн боломжтой холбоотой. Хэрэвзээ иргэд маань үйлдвэрээс гарсан машин авах чадалтай сан бол Европ болон АНУ-ын нэгэн адил зөв талдаа жолоотой машинаа японд захиалаад авчих байсан. Даанч үйлдвэрлэснээс хойш багагүй гүйсэн машиныг үнэ нь буурсны дараа л зээлээр авах боломж сая бүрддэг нь бидний бодит амьдрал. Гэтэл үйлдвэрлэснээс хойш зургаагаас дээш жил ашигласан машиныг импортлохгүй байх бодлогыг гүйцэтгэгч засаглалынхан боловсруулсан байна. Агаар, орчин бохирдуулагч нэг хүчин зүйл нь автомашин гэдэгтэй маргах гэсэнгүй. Харин зургаан жилээс бага хугацаанд ашигласан машины хүрэлцээ, үнэ ханш эгэл иргэдийн маань халаасны хэмжээтэй дүйх үү гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй санагдана.
Сэтгүүлч:
Д.Цээпилмаа