Шатахууны үнийг нэмэхгүй байхаар тохиров

556

Өнөөдөр шатахууны үнийг нэмэх эсэх асуудлаар Шатанхууны үнийн зөвлөл Уул уурхайн яаман дээр хуралдаж шатахуун импортлогчдыг шалгах, үнийн тал дээр бодит судалгаа хийх шийдвэр гаргажээ. Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд шатахууны үнийн нэмэгдлийн талаарх судалгааг явуулж, Үнийн зөвлөлд танилцуулах үүрэг хүлээсэн бөгөөд энэ хугацаанд шатахууны үнийг нэмэхгүй байхаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан тохиролцсон байна.
Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг бөгөөд гишүүдэд нь, Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ний гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар ордог юм байна.