Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдсон хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцлээ

476

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы шинэ оны анхны нэгдсэн хуралдаан (2018.01.05) нэгдсэн хуралдаан 10 цаг 28 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцов.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Улсын Их Хурлаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж буй талаараа байр сууриа илэрхийлж, утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид юунд анхаарч, ямар арга хэмжээ авах ёстойг судлан, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж ажиллуулахаа мэдэгдсэн билээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Н.Цэрэнбат, Ө.Энхтүвшин, Л.Элдэв-Очир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Энэ хугацаанд уг Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа дүгнэлт гаргах Ажлын хэсгээс хийсэн ажлын талаарх мэдээлэлтэй танилцсаны зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах асуудлаар зайлшгүй шаардлагатай хууль, тогтоомжийн төслийг яаралтай боловсруулах, утааг мэдэгдэхүйц бууруулах талаар хэрэгжүүлэх оновчтой, шийдвэртэй арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, түүнд шаардагдах хөрөнгө санхүү, бусад арга хэрэгслийн судалгаа тооцоо гаргаж танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд ирүүлсэн албан тоотод дурдсан “онц байдал зарлах асуудлыг судлах” саналын хүрээнд судалгаа дүгнэлт хийж, саналаа боловсруулж танилцуулах үүргийг Монгол Улсын Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд өгсөн байна.

Мөн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хамтарсан хуралдаанаараа “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн бол Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараасчөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаарх Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.

Уг тогтоолын төсөлд агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хуралд 2018 оны 02 дугаар сарын 01-ний дотор танилцуулах, агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчинг шинэчлэх чиглэлээр холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслүүдийг 2017 оны намрын чуулганы хугацаанд боловсруулж боловсруулж батлуулах, агаарын бохирдлыг бууруулах, агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр цогц арга хэмжээг 2018 онд багтааж хэрэгжүүлэх,  хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах зорилгоор баригдаж бэлэн болсон, борлогдоогүй байгаа орон сууцанд гэр хорооллын иргэдийг оруулах арга замыг цогцоор нь судалж, холбогдох шийдвэрүүдийг гаргах, хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод түлшний зориулалттай түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж эхлэх, чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл эрхлэгчийг тодорхой бодлогоор дэмжиж бодит дэмжлэг үзүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбох асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудал тусгажээ.

Тогтоолын төсөл, Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Б.Саранчимэг, М.Билэгт, Ж.Батзандан, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав, Ц.Даваасүрэн, Н.Амарзаяа, С.Жавхлан нар Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Байнгын хороодын дарга нар болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж тодруулан, үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Ажлын хэсэг энэ хугацаанд хоёр удаа хуралдаж, гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тогтоолын төсөл боловсруулан хэлэлцүүлж байна. Улаанбаатар хотын утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн нь бодитой зүйл. Гэхдээ гэнэт гараад ирсэн зүйл биш, урт удаан хугацаанд хуримтлагдаж бий болсон гамшиг. Иймээс энэ асуудалтай урт хугацаанд тууштай тэмцэж байж үр дүнд хүрнэ гэсэн байр суурьтай байгаа. Ажлын хэсгийн гишүүд ажил үүргээ хуваарилж аваад холбогдох хүмүүсийн хамт нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байна гэлээ.

Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тогтоолын төслийн заалтуудын ихэнх нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан асуудлууд. Агаарын чанарыг сайжруулах зориулалттай тоног төхөөрөмж, цахилгаан халаагуурыг татвараас чөлөөлөх, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, гэр, байшингийн дулааны алдагдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа хэллээ. Харин Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сүүлийн жилүүдэд утаанд зарцуулсан мөнгө хөрөнгө нэмэгдсэн зүйл байхгүй. 2014 оноос өмнө ихээхэн хөрөнгө зарцуулж байсан бол сүүлийн гурван жилд улсын төсвөөс жилд дунджаар 5-5.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин энэ хугацаанд утааны хортой байдлын үзүүлэлт буурсан гэсэн судалгааг мэргэжлийн байгууллага гаргасан байдаг. Цаашдаа түүхий нүүрсний хэрэглээг хориглох, түүнийг орлосон цахилгаан халаагуур, дулааны алдагдлыг бууруулах асуудалд анхаарах нь зүйтэй гэж тогтсон гэлээ. Мөн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн утааны голомтод байгаа айл өрхийг хуримтлалтай халаагуураар хангахад анхаарч, энэ оны эхний улиралд 27 мянган айлыг хамруулахаар ажиллаж байна. Цаашдаа хотын төвийг тойрсон гол хэсгүүдийн айл өрхийг 4 квт-ын хуримтлалтай халаагуураар хангана. Энэ онд гэхэд 20 мянган өрхийг ийм халаагураар хангах арга хэмжээ авна. Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцыг өргөтгөх замаар энэ асуудлыг шийдэх дэд бүтцийг бий болгоно гэсэн хариулт өгсөн юм.

Харин санал хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар юуны өмнө ядууралтай тэмцэх, тогтвортой ажлын байраар иргэдээ хангах, нийслэлийг дагуул хот руу нүүлгэх, өртөг багатай 5-6 давхар орон сууцыг олноор барихад анхаарах шаардлагатай, иймээс Улсын Их Хурал, Засгийн газар зоригтой ажиллах хэрэгтэй байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа бид гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд анхаарахгүй явж ирснээс утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрээд байна гээд тогтоолд маш тодорхой зорилт тавьж, хөрөнгө мөнгийг тусгаж өгөх нь чухал, үндэсний үйлдвэрлэл, дотоод нөөц бололцоо, эрдэмтэн судлаачдын чадавхийг зөв ашиглахад анхаарах шаардлагатай гэдгийг хэллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан утааны асуудлыг онц байдлын хэмжээнд авч үзэж, нийслэлийн гэр хорооллын 150 мянган яндангаас гарч байгаа утааг арилгах үүднээс улсын төсвөөс тодорхой хөрөнгө гаргах, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн утаа, хөрсний бохирдолтой тэмцэх асуудлыг цогцоор нь авч үзэж шийдвэрлэх үүднээс Улсын Их Хуралд байнгын ажиллагаатай бүтэц бий болгох, нийслэлийг нүүлгэх, зарим чиг үүргийг аймгийн төв, бусад хотуудад шилжүүлэх арга хэмжээ авах, Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав тогтоолд тодорхой, хэрэгжих боломжтой, бодитой зүйл тусгахад анхаарах, ялангуяа дагуул хот, шинэ суурьшлын бүсийн асуудлыг тусгаж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд анхаарах, энэ асуудлыг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах саналтай байгаагаа хэллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва дэд бүтцийг хөгжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөхгүйгээр утааны асуудал шийдэгдэхгүй, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ утааны асуудлыг олон талаас нь ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэхийг хичээж байгаа нь сайн хэрэг, ингэж аль аль талдаа ойлголцож асуудлаа зөв харж, хөрөнгө мөнгөө шийдэж чадвал боломж гарна гэж харж байна гээд өвлийн ид утааны үед их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчдын амралтыг зохицуулж түгжрэл, утааг багасгах, мөн борлогдохгүй байгаа бэлэн орон сууцыг түрээсийн зарчмаар борлуулахад анхаарахыг санал болгов. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат утааг багасгахад иргэдийн оролцоо, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх асуудал хамгийн чухал. Агаарыг бохирдуулж  байгаа гол хүчин зүйл нь хүний хүчин зүйл гэдгийг ойлгож, асуудлыг өөр өнцгөөс харж, хүнээсээ эхэлж, хүндээ хариуцлага тооцож чаддаг, бас дэмжлэг үзүүлж чаддаг баймааж асуудал шийдэгдэнэ гэдгийг хэллээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлсэн үгэндээ, утааны асуудал онцгой байдалд хүрсэн учраас энэ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх саналаа тавьсан. Утааг ажилгүйдэл, ядууралтай хамтад нь харж шийдэх ёстой. Иймээс дагуул хот бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлж иргэдээ байнгын ажилтай, тогтмол орлоготой болгох, хөдөөг хөгжүүлэх, их дээд сургууль, оюутны дотуур байр, засаг захиргааны зарим нэгж, соёл, шинжлэх ухааны байгууллагуудыг хотоос гаргах шаардлагатай. Үүний цаана хамгийн гол нь хот, хөдөөгийн амьдралын ялгаа заагийг багасгах, хөгжлийг ойртуулах асуудал чухлаар тавигдана гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр энэ Засгийн газарт ихээхэн итгэл хүлээлгэж байгаа, иймээс эрс шийдэмгий ажиллах нь чухал. Утааны асуудал онц байдал зарлах хэмжээнд хүрсэн гэж ойлгож байгаа учраас Улсын Их Хурал, Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Ингээд хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Улсын Их Хурлын гишүүд болон Ерөнхийлөгчийн саналыг тусган тогтоолын төслийг Байнгын хороодын хуралдаанаар дахин ярилцаад чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  хэлэлцэж батлахаар тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат нар танилцуулав.

Агаарын бохирдол нь нийслэл төдийгүй аймгийн төвүүдийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудал болохыг сайд илтгэлдээ дурдаад өвлийн улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт ажиглалтын 50 гаруй хувь нь стандартаас давсан бохирдолтой байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүн гараагүй, цаг алдаж байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настан амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл өндөр байна. Товчхондоо, суурин газруудад үүсээд байгаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон бодлого боловсруулж, техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглах, салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлага тулгарсан гэлээ.

Иймээс холбогдох хууль, эрх зүйн бусад актад нийцүүлэн Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар тусгажээ. Энэ сан нь агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдуулах бодисын хаягдлыг багасгах зорилтын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой юм. Түүнчлэн тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлаас үүдэн иргэдийн эрүүл мэндийг нэн тэргүүн хамгаалах зорилгоор амны хаалт, агаар цэвэршүүлэгчийг, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох төслүүдийг боловсруулсан байна.

Эдгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Т.Аюурсайхан, А.Сүхбат, Д.Сарангэрэл, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувь нь Агаарын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Иймээс уг хуулийн төсөл болон хамтад нь өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Байнгын хороод үдээс хойших хуралдаанаараа эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.