Энэ сарын 25-ны өдөр буюу маргааш Төрийн ордонд “Олон улсын хөрөнгө оруулагчидтай хийх дугуй ширээний хэлэлцүүлэг” хийхээр төлөвлөөд байлаа. Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны санаачилгаар “Эрдэнэс Монгол” ХХК, Ашигт Малтмал, Газрын Тосны Газартай хамтран “Олон улсын хөрөнгө оруулагчидтай хийх дугуй ширээний хэлэлцүүлэг” уулзалтад гадна, дотны 150 орчим хүн оролцох ёстой байсан юм.
Үүнээс 40 гаруй нь гадаадын хөрөнгө оруулагчид болоод Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдууд байжээ.
Хуралдаан маргааш болох учраас гадаадаас ирж оролцох ёстой зочид, төлөөлөгчдийн зарим нь Монголд аль хэдийнэ ирж, зарим нь ирэх замдаа яваа аж. Гэвч Монголын Засгийн газар 26-ны баярын өдрөө урагшлуулан 25-ныг бүх нийтийн амралтын өдөр болгосноор энэхүү хурал цуцлагджээ. Тиймээс ч өөрсдийн зардлаар тэр тусмаа өөрсдийн үнэтэй цагаа төлөвлөнМонголын хуралд суухаар ирсэн, ирж буй зочид төлөөлөгчид өчигдрийн Засгийн газрын шийдвэрийн дараагаас маш их гомдолтой байгаагаа зохион байгуулагдчдад илэрхийлсээр байгаа аж.
Эх сурвалжуудын хэлж буйгаар “Олон улсын хөрөнгө оруулагчидтай хийх дугуй ширээний хэлэлцүүлэг”-ийг 2017 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулжээ. Угтаа Монголын Засгийн газрын хувьд ийм чухал уулзалтыг баяр амралтын өдөр ч гэсэн зохион байгуулаад өнгөрөх боломж баймаар юм.
Зарим хөрөнгө оруулагч, элчин сайдууд гэхэд өөрсдийн хувьд маш үнэ цэнэтэй Талархлын баяраа хүртэл цуцлан “Олон улсын хөрөнгө оруулагчидтай хийх дугуй ширээний хэлэлцүүлэг” -т оролцохоор байсан ч ийнхүү үйл ажиллагаа хойшилсонд тун сэтгэл дундуур байгаа талаар зохион байгуулагчдад хэлжээ.
Баяр, наадам, бүх нийтийн амралтын өдөр гэдэг зүйл аль ч улс оронд байдаг. Гэвч Монголын Засгийн газар бүх нийтийн амралтын өдрийг хоёрхон хоногийн өмнө шийдвэрлэж буй нь бизнесийн болоод засгийн газрын өөрийнх нь зохион байгуулж байгаа том, жижиг гэлтгүй олон ажлыг гацаахад хүргээд байна.
Энэхүү хурлыг санаачилсан Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны сайт дээр энэ тухай “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам санаачилж, “Эрдэнэс Монгол” компани хамтран энэ баасан гарагт төрийн ордонд зохион байгуулахаар бэлтгэж байсан “Уул уурхайн хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалт”-ыг тодорхой хугацаагаар хойшлуулсан.
Учир нь УИХ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульд өөрчлөлт оруулсны дагуу Засгийн газар тогтоол гаргаж, баярын амралтыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны Баасан гарагтшилжүүлэхээр шийдвэрлэсэн байна” гэжээ.