Хариуцсан эзэнтэй, шат дараатай зоримог алхам хийж чадвал утааг багасгах боломжтой гэв

546

“УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” ажлын хэсгийн нээлттэй хуралдаан өнөөдөр  Төрийн ордонд боллоо.
 “Ажлын хэсгийн анхны хуралдаанаас агаарын бохирдлыг бууруулах талаар эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг сонсох шаардлагатай гэсэн санал  гарсан. Иймд нээлттэй хуралдааныг энэ чиглэлээр хийхээр болсон” гэдгийг хуралдааны эхэнд онцлов.
Хуралдаанд Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл  агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Ажлын хэсгээс хийсэн ажлын талаарх мэдээллийг танилцуулав.
Тэрбээр мэдээлэлдээ, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийн шийдэл, тээврийн хэрэгслээс гарч байгаа утааг багасгах гэсэн чиглэлээр гурван Дэд ажлын хэсгийг байгуулж ажилласан. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хороолол, 12-13 хувийг тээврийн хэрэгсэл, 7-8 хувийг уурын зуухын яндангийн утаа эзэлж байна. Агаарын бохирдлыг бууруулах суурь асуудал нь гэр хорооллын утааг багасгах явдал юм. Иймд 200 мянга гаруй өрхийн гэрийн дулааны алдагдлыг багасгахад зориулалтын дулаалгыг хямд өртгөөр нийлүүлэх, 20-24 хэмд дулаанаа удаанаар барьж, нөөцөлдөг дулааны аккумуляторын үйлдвэрийг барих зэрэг асуудлыг зоримгоор шийдэх шаардлагатай байна. Түүнчлэн цахилгаан түгээх сүлжээнүүдийг шинээр барих, цахилгаан сүлжээг өргөтгөх шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд цахилгаан түгээх сүлжээг шинээр барихад 55.8 тэрбум төгрөг,  цахилгаан түгээх сүлжээнд өргөтгөл хийхэд  24 тэрбум төгрөг нийт 80,4 тэрбум шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Мөн нийтийн тээврийн автобусыг дизел түлшээр бус хийгээр ажиллуулдаг болгож солих, авто тээврийн хэрэгслийн ялгаруулж байгаа утаагаар татварыг нь ялгаатай тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, агаарын бохирдлыг бууруулахад, нэгдсэн төлөвлөгөөтэй, хариуцсан эзэнтэй, шат дараатай зоримог алхам хийж чадвал утааг багасгах боломж байна гэж байлаа.
Өнөөдрийн хуралдаанаас Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу УИХ-ын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай  биечлэн танилцаж, санал сонсохоор тогтлоо.
Түүнчлэн маргааш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдааныг хийж Дэд ажлын хэсгийг байгуулах, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар зайлшгүй шаардлагатай хууль, тогтоомжийн төслийг яаралтай боловсруулах зэрэг тодорхой чиглэл өгсөн тогтоолын төслийг бэлтгэж хэлэлцүүлэхээр боллоо.