ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АСРАЛТ ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ДАРГА В.И.БУЛАВИНТАЙ УУЛЗАВ

2576

image-0-02-05-71f91afd3bf2024b95ebe4981d9e2f8d0a8df0f415665bde6eac3c4722537fe6-v

ОХУ-ын Холбооны гаалийн албаны урилгаар ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын Холбооны гаалийн албанд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин ГЕГ-ын дарга Б.Асралтыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр орны гаалийн байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр өмнөх уулзалтуудаар тохиролцсон тодорхой ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллахаар болов. Тухайлбал, “МУ болон ОХУ-ын нутаг дэвсгэрт түр хугацаагаар нэвтрүүлсэн зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийн мэдээллийг солилцох дүрэм”-ийг ойрын үед албажуулж, тогтоосон хугацаанд улсын хилээр буцаж гараагүй тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг талууд онцлов.

Мөн тус уулзалтын үеэр “Монгол-оросын улсын хил дээр олон улсын автозамын Алтанбулаг-Хиагт хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын протокол”-ын төслийг үзэглэв.