Энэ оны наймдугаар сард худалдаанд гарсан Samsung Galaxy Note 7 гар утас хэт халж, улмаар гал авалцсан тохиолдол хэд хэд гарсан учраас есдүгээр сард компани бүтээгдэхүүнээ эргүүлэн татах шийдвэр гаргасан юм.
800 ам. долларын нөхөн төлбөр эсвэл Galaxy S7 Edge утас нэмэх нь Galaxy J5 утсаар сольж авах
Ингээд хэрэглэгчдэд аюултай байж магадгүй утсыг шинэ бүтээгдэхүүнээр сольж өгсөн боловч мөн л гал авалцсан асуудал гарсан учраас бүр мөсөн зах зээлээс татаж, дахин үйлдвэрлэхгүй байхаар болсон.
Тэгвэл албан ёсоор худалдаанд гараагүй орнуудын хэрэглэгчид ч гэсэн Galaxy Note 7 загварын гар утсыг ашиглаж буй хэрэглэгчид буцааж өгөх боломжтой болжээ. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн хэрэглэгчид Galaxy Note 7 гар утсаа буцааж өгөөд оронд нь Galaxy S7 гар утас болон Samsung Gear VR авч болно гэж Samsung India төлөөлөгчийн газраас мэдээлсэн юм.
Тиймээс бид Samsung Electronics-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай холбогдож Galaxy Note 7 гар утсыг ашиглаж буй хэрэглэгчид хэрхэх талаар тодрууллаа.
Тэдний тайлбарлаж буйгаар өнөөдрийг хүртэл хоёр хэрэглэгч энэ асуудлаар холбогдож, нөхөн төлбөр авчээ. Хэрэглэгчдийн хувьд хоёр сонголт бий. Нэгдүгээрт Galaxy Note 7 гар утсаа өгөөд 800 ам. долларын нөхөн төлбөр авах, эсвэл Galaxy S7 Edge утас дээр нэмэх нь Galaxy J5 утсаар сольж авах.
Түүнчлэн МИАТ компани Galaxy Note 7 гар утсыг гар тээш болон тээшинд авч орохыг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулан Samsung Electronics-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар Чингис хаан олон улсын нисэх буудал дээр төлөөлөгч байрлуулж Galaxy Note 7 гар утсаа J5 утсаар түр сольж ашиглах сонголтыг санал болгож байгаа аж.
Хэрвээ та Galaxy Note 7 утсыг худалдаж авсан бол Samsung Electronics-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай 70120815 утсаар холбогдож нөхөн төлбөр авч болох юм байна.