Хүүхдийг аз жаргалтай болгох 10 нууц

953

Сүүлийн үед залуу аав ээжүүд надаас “Япончууд хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлэн, төлөвшүүлдэг вэ” гэж ихээр асуух болов. Ийм асуулт тавьж байна гэдэг бол сайн хэрэг. Хүн бүхэн аав ээж болдог ч хүн бүхэн сурган хүмүүжүүлэгч болох боломж үгүй. Тэгэхээр үр хүүхдээ бусдын жишгээр аав ээж, ахмад настнуудаас, багш сурган хүмүүжүүлэгчдээс асууж заалгаж байж л өсгөж бойжуулна шүү дээ. “Хүүхдийг аз жаргалтай болгох 10 нууц” гэсэн танилцуулга материалыг itmama.jp гэдэг вэб сайтаас олсноо орчуулан толилуулж байна.
Энэ 10 нууц бол хүн бүхний олж мэдээгүй, эрдэмтэн мэргэд нээж илрүүлсэн сүртэй зүйл огт биш. Маш энгийн, бид бүгдийн мэддэг, бид бүхний хийж чаддаг л ажил. Ер нь бол “энгийн” юман дотор л агуу юм байгаад байх шиг санагддаг. Бид л “Америкт ямар байна, европчууд яадаг гэнэв, яг салбарынх нь доктор профессорууд юу гэж хэлсэн байна” гээд л, том юм хайгаад байдаг болохоос үнэндээ “хямралаас гарах арга” ч бидний уураг тархинд байж л байгаа. Хүүхэд хүмүүжүүлэх ч бас адил. Гадныхны элдвийн сүлжээ, хоосон онолд итгээд, дагаад байх юм бол бидний толгойг амархаан “эргүүлнэ” шүү. Захаасаа авахуулаад эргүүлээд ч байна.
За ингээд 10 нууцыг танилцуулъя.
1/ Аав ээж хүүхэдтэйгээ инээдтэй хөгжилтэй яриа, онигоо ярьж инээлдэж байх хэрэгтэй. Хүүхдээрээ онигоо яриулах. Онигоо ярьж цагийг өнгөрөөх нь хүүхдийг чөлөөтэй болгодог, хавчигдмал биш болгодог, найз нөхөдтэй болгодог, стресс дарамтыг мэдрэхгүй болгодог ач холбогдолтой.
2/ Хүүхдийг 5 нас хүртэл нь аав ээжийн зүгээс “хориглосон, эсэргүүцсэн” үйлдэл хийхгүй байх. Энэ цаг хугацаанд хүчээр хориглох, хүүхдийн хүслийг боох зэрэг үйлдэл хийвэл, магадгүй, насан туршид нь муу нөлөө болж үлдэхийг үгүйсгэхгүй. Аав ээж хэрвээ уур бачимдлаа барьж чаддаггүй бол яадаг ч байсан үүнийгээ тэвчих ёстой.
3/ Аав ээж өөртөө санаа зовж, өөртөө шаардлага тавьдаг байх. Ингэж өөрийгөө “өсгөж өндийлгөсний” ачаар хүндрэл бэрхшээлийг даван туулна. Аав ээжийн энэ байдлыг харж буй хүүхэд ч өөрийгөө ийм хүн болгох гэж зүтгэж эхлэнэ. Аав ээж хүмүүжлийн жишээ болж байна гэсэн үг.
4/ Хүүхдийг чөлөөтэй байлгана. Хүүхдийг “үүрээ эвдэн” гарах үед нь чөлөөтэй явуулах хэрэгтэй. Ингэчих болов уу, тэгчих болов уу, гээд л, санаа зовоод байдаг аав ээж шинэ зүйлийг “мэдрэн ойлгох” хүүхдэд саад болохоос өөр юмгүй. Цаг нь ирэхээр “нисэн одох” хүүхдээ үүнд нь эртнээс бэлтгэ.
5/ Аав ээж хоёрын дотно харьцаа амьдралын бодит толь л гэсэн үг. Аав ээжүүд “хүүхэдтэй боллоо” гээд л, өөрсдийгөө мартаж болохгүй. Бага насны хүүхэдтэй аав ээж салж сарних тухай бодож байх юм бол хүүхэд нь нойрны дутагдалтай болдог гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Аав ээж нь ам хэлээ олохгүй, ам нээвэл л маргалдчих гээд байвал хүүхэд амар тайван байж чадахгүй. Ийм юмыг үр хүүхэддээ бүү харуул.
6/ Сэтгэл санаагаар унан, уур уцаарт автвал аав ээжүүд өөрийгөө удирдан, уур унтууцлаа даран, сэтгэл санаагаа ариусгаж бай. Уурлаж ядарсан ээж балчир хүүхэд нь уйлахад тайвшруулах гэж яарахаа больчихдог. Уур уцаартай ээжийн гараар өссөн хүүхэд сургуульд орохдоо дарамт ядаргаанд орохдоо амархан болдог.
7/ Хүүхэдтэйгээ найрсаг сайхан харьцдаг байх хэрэгтэй. “Зөвхөн чи бид хоёрын нууц” гээд л, хүүхэдтэйгээ хамаг байдгаа аминчлан ярьдаг бол үүн шиг чухал юм үгүй. Шилжилтийн нас хүртэл нь хүүхэдтэйгээ жинхэнэ дотно харьцаатай байж чадах юм бол “аав ээж хүүхдийн хайр” насан туршид үргэлжилнэ гэсэн үг.
8/ Хүүхэд 10 насанд хүрээд ирэхээрээ л аав ээжийн өөдөөс “тайлбар тавиад” эхэлдэг. Хүүхэд хүмүүстэй өөрийн бодлоор харьцаж эхэлж байгаа нь энэ. Найз нөхөдтэйгөө ч ингэж харьцаж эхлэнэ. Үүнийг огт анзаараагүй юм шиг л байх хэрэгтэй шүү.
9/ Өө сэвгүй төгс хүн гэж хаа ч байдаггүй. Тийм учраас хүүхдээ гайхамшигтай хүн болгох гээд л өөрийгөө зовоогоод хэрэггүй. Хүүхэд бүрт өөр өөрийн сайн тал, сул тал бий. Хүүхэд маань сайн хүн байх ёстой, гэж бодоод л, зүтгээд байгаа залуу аав ээж өөрсдөө ядарч, эцэстээ өөртөө итгэлгүй болно. Харин ингэж “зоволгүй”, хүүхдээ өөрийнхөөрөө л өсгөх хэрэгтэй.
10/ Хүүхдээ зөв хүн болгохын тулд хүүхдээ сайн “мэдэж таних” хэрэгтэй. Аав ээжүүд хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ өөрсдөө мэдээд байгаа юм шиг л санадаг. Харин энэ ажил санасны зоргоор болохгүй. Аав ээж хүүхдээ зөв “таньсаны” ачаар өөрийнхөө хүүхдэд тохирох хүмүүжүүлэн төлөвшүүлэх аргыг олно. Хатуу чанга аав ээжтэй хүүхдүүдийн тал орчим нь аймхай, сэтгэлээр унамтгай болсон байдгийг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж http://www.info.mn