Сүүлийн жилүүдэд нутгийн удирдлага, ард иргэд газар нутгаа ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй талбайгаас ангид байлгах зорилгоор газрыг орон нутгийн хамгаалалтад олноор хамруулах болсон. Энэ 11 сарын байдлаар нийт 61.2 сая газрын ашиглалтад аваад байгаа боловч үүний 66.5 хувь нь эрхзүйн болон кадастрын зөрчилтэйгээс болж мэдээллийн санд бүртгэгдэхгүй байгаа юм байна. Тиймээс энэ төрлийн зөрчлийг бууруулахад мэдээллийн сан өндөр ач холбогдолтой болж байна гэж албаныхан үзэж байна.
Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг нь улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний нэг бүрэлдэхүүн хэсэг болдог. Орон нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн газар нутгийг тусгай хамгаалалтад авах, хамгаалах ажлыг ихээр хийх болсон. гэвч орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн сан байхгүй улмаас бусад лицензийн газартай давхцуулах, хил хязгаарын зөрчлүүд их байдаг байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх хүрээнд НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд “орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн санг үүсгэжээ.
Газар нутгийн орон нутгийн тусгай зөвшөөрөл авахад хэд хэдэн зөрчлүүд тулгардаг. Тодруулбал аймаг сумдын ИТХ-ын тогтоолууд нь эрх зүйн болон газар зүйн зөрчилтэй, ялангуяа ашигт малтмалын тухай хуулийн энэ талаарх заалтыг зөрчсөн, ямар зориулалтаар авсан нь тодорхой бус, хамгаалалтад авсан хугацаа тодорхойгүй, хилийн заагийн солбицлууд тодорхойгүй, хилийн цэс зэргэлдээ орших улсын тусгай хамгаалалттай давхацсан зэрэг зөрчлүүд элбэг илэрдэг болохыг албаныхан онцолсон юм. Монгол улсад энэ төрлийн зөрчлөөс болж 38.0 сая га газрыг ашигт малтмалын газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байгаа юм байна.
Цаашдаа ‘газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай’ аймаг, сумдын ИТХ-ын тогтоолуудыг холбогдох хууль, тогтоомжийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, баталгаажуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн сүлжээнд хамруулж хамгаалалтын арга хэмжээг салбар хоорондын нэгдсэн удирдлагаар хангах, нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг эрхлэх, улмаар энэ талаарх эрхзүйн орчинг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг албаныхан хэлсэн юм.