АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын сууж явсан машинтай цуваа хажуугаар нь өнгөрөхөд дунд хуруугаа гозойлгосон дугуйтай эмэгтэйн зураг нийгмийн сүлжээгээр тарсны дараа тэр бүсгүйг ажлаас нь халсан гэнэ.
Д.Трампын явуулж буй бодлогыг эсэргүүцдэг Жүли Брискман аравдугаар сард Виржиниа мужид ерөнхийлөгчийн цуваатай тааралдахдаа түүнд эсэргүүцлээ илэрхийлсэн гэж дараа нь тайлбарласан байна.
Ерөнхийлөгчийн цуваанд явж байсан гэрэл зурагчин Брендан Смайловский түүний зургийг авч, цахим сүлжээнд тавьсан байжээ. Ажлаасаа халагдсан Жүли Брискман “Huffington Post”-д ярилцлага өгөхдөө “Цуваа хажуугаар өнгөрөх үед миний дургүй маш их хүрсэн. Д.Трамп мөрөөдөгчдийн хүүхдүүдийг хөөж гаргаж, иргэдийг Obamacare-д хамрагдахыг зогсоосон. Пуэрто Рикод оршин суугчдын гуравны нэг хувь нь л цахилгаантай байхад ерөнхийлөгч гольф тоглохоос өөр юу ч хийхгүй байна” хэмээн ярьжээ.
Түүнээс яагаад ийм үйлдэл гаргасныг нь асуухад “Цуваан дахь машинд хэн явж байгааг гадарлаж байсан учраас зориуд тэгсэн” хэмээн хариулсан гэнэ.
Олон хүн Брискманы зоригтойг магтаж байгаа бөгөөд түүнийг бүр 2020 оны сонгуульд өрсөлдөхийг хүртэл ятгасан гэнэ. Ерөнхийлөгч рүү дунд хуруугаа гозойлгосноос болж ажлаасаа халагдаж, дараа нь телевизийн шоунд уригдсан ч одоогоор түүнд хэн ч ажил санал болгоогүй байгаа ажээ.