Өнгөрсөн Даваа гарагт Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте мэдэгдэл хийхдээ Исламын улс бүлэглэлд хандан өөрийгөө тэднээс 10 дахин харгис байж чадахаа амлажээ.
Тэр үед Дутерте ойрын 3-7 жилийн дотор Филиппин орон Исламын улс бүлэглэлийн “халдвартай” болох шинжтэй байгааг онцолж байв. “Тэд одоохондоо зэвсэггүй, гэхдээ суртал номлол нь эхэлсэн байна” гээд “энэ нь миний санааг зовоож байна” гэж байсан юм.
Харин Даваа гарагт үг хэлэхдээ Дутерте Исламын улс бүлэглэлийг ямар ч улс төрийн үзэл баримтлалгүй, тэр ч байтугай Бурхан гэж юу болох талаар ч ойлголтгүй этгээдүүд гэжээ. Тэр энэ үеэр хэрвээ террористууд түүнтэй тулгарвал “надаас гарч болох хамгийн муу зүйлийг тэд харна” гээд ерөнхийлөгчийн суудлаа золиослосон ч хамаагүй өөрийн орныг террористуудаас хамгаална гэж амласан байна.
“Би өөрийн нэр төр, амьдрал, ерөнхийлөгчийн суудлаа бооцоонд тавьж байгаад та нарын хийдэг зүйлийг 10 дахин илүү хийнэ” гэж Дутерте хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Филиппиний Абу Саяаф зэвсэгт бүлгийн тэргүүн гэх Абу Абдуллах Исламын улсад нэгдэхийг хүссэн зүүн өмнөд Азийн муслимуудыг өөрийн далбаан дор нэгдэхийг уриалсан 20 минутын видео бичлэг тараасан юм.
Тэр Малай хэлээр “Хэрвээ чи Сирид очиж чадахгүй байгаа бол Филиппинд ир” гэж уриалж байжээ.
Харин Филиппиний ерөнхийлөгч Дутерте тэднээс айхгүй байгаагаа, маш хатуу харгисаар тэмцэхээ ийнхүү зарласан байна.
Дутерте нь өнгөрсөн тавдугаар сард болсон сонгуулиар ерөнхийлөгч болсон ба тэр цагаас эхлэн хар тамхичдад дайн зарлаж олон зуун хүний амийг хөнөөсөн ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Тэр ард иргэддээ хандан “хар тамхичдыг шууд бууд, би хариуд нь медаль олгоно” гэж байв.
71 настай Дутерте ерөнхийлөгч болохоосоо өмнө гэмт хэргийн уурхай болсон Давао хотын даргаар олон жил ажиллаж, гэмт хэрэгтэй хатуу харгисаар тэмцэн алдаршсан нэгэн.
Түүнийг “Гэсгээгч” гэсэн хоч дагалддаг бөгөөд сүүлийн үед Азийн Дональд Трамп ч гэх болсон юм.
Филиппин улсын хүн ам Ромын Католик шашныг голлон шүтдэг бол өмнө зүгийн зарим аралд Малайз гаралтай муслимууд цөөнх болон оршин суудаг гэнэ.
Эх сурвалж: South China Morning Post