Д.Трампын зарлиг гадаадын тамирчид тэмцээнд оролцоход нөлөөлөхгүй

634

МОСКВА./TASS/. АНУ-ын засгийн газар тус улсын Үндэсний Олимпын хорооны гаргасан хүсэлтийн хариуд мэдээлэл хийж “Ерөнхийлөгч Д.Трампын гарын үсэг зурсан зарлигууд нь гадаадын тамирчид АНУ-ын нутаг дэвсгэрт болох олон улсын тэмцээнүүдэд оролцоход нөлөөлөхгүй” гэв.

Сүүлийн хэд хоногт Д.Трамп цагаачлалын бодлогоо чангатгах үүднээс хэд хэдэн зарлиг гаргаж, Ирак, Иран, Сири, Судан, Йемен, Ливи, Сомали гэсэн долоон улсын иргэдийг 90 хоногийн хугацаанд АНУ-д нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн билээ.

Дээрх мэдээлэлд дурдахдаа “АНУ-д болох олон улсын тэмцээнүүдэд оролцох гадаадын тамирчид болон албаны хүмүүст зориулан  тусгай түргэвчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр засгийн газар, Үндэсний Олимпын хороо хамтран ажиллаж эхэлсэн” гэжээ.

Хоёр хоногийн өмнө Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ засгийн газарт хандан “цагаачлалын шинэ бодлого тус холбооны лигт тоглодог тамирчдад хэрхэн нөлөөлөх” талаар тайлбар өгөхийг хүссэн юм. Тус лигийн “Лос-Анжелес Лейкерс” багт Суданы иргэн Луол Денг, “Милуоки” багт мөн улсын иргэн Тон Мейкер нар тоглодог ажээ.

Түүний сацуу, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо мэдэгдэл гаргаж, 2021 онд АНУ-д болох хөнгөн атлетикийн ДАШТ-ийг зохион байгуулахад цагаачлалын шинэ бодлого нөлөөлөхгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг хүссэн байна.

Дашрамд дурдахад, Лос-Анжелес хот 2024 оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байгаа билээ.

Б.Адъяахүү