Африкийн нүүрсний уурхайнуудын үнийг хөөрөгдөх замаар алдагдлаа нууж, хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр Их Британи-Австралийн уул уурхайн томоохон компани болох “Рио Тинто” болон тус компанид удирдах албан тушаал хашиж байсан Томас Альбанезе, Гай Эллиот хэмээх хоёр хүний эсрэг АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн шүүхэд зарга мэдүүлжээ.
Зарга мэдүүлэгчийн мэдэгдсэнээр, “Рио Тинто” компани нь 2011 онд 3.7 тэрбум ам.доллароор худалдан авсан Мозамбикийн уурхайнуудаа хэдхэн жилийн дараа 50 сая ам.доллароор худалдаж, алдагдалтай наймаа хийснээ хөрөнгө оруулагчдаас нуусан аж. Энэ хэрэг зургаан жилийн өмнө болсон гэнэ.
Мөн эдгээр уурхайг худалдан авахдаа ил тод байдлын тухай дүрэм журмыг зөрчсөн гэх үндэслэлээр тус компанид Их Британийн холбогдох байгууллага 27 сая фунт стерлингийн торгууль ногдуулсан байна. Энэ нь Их Британид ил тод байдлын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр нэг компанийн эсрэг хамгийн өндөр торгууль ногдуулсан тохиолдол болж байна.
Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг болох “Рио Тинто” нь ингэж алдагдлаа нуун, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлснээрээ АНУ-ын хөрөнгө оруулагчдаас багаар бодоход 5.5 тэрбум ам.доллар босгосон гэж АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс үзэж байна.
Харин “Рио Тинто” компани мэдэгдэхдээ “Энэ бол ямар ч ор үндэслэлгүй гүтгэлэг. Бид шүүхийн өмнө өөрсдийгөө итгэл төгс хамгаалж чадна” гэжээ.