С.Бубка: 2020 он хүртэл Монгол, Украины тамирчид бүх талаар хамтарна

462

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Украины үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, дэлхийн зургаан удаагийн аварга, олимпын аварга, дэлхийн дээд амжилтыг 35 удаа шинэчлэн тогтоосон алдарт тамирчин, тулгууртай харайлтын домог Сергей Назарович Бубка манай улсад ирээд буцлаа.

Тэрбээр манай улсад хоёр хоног ажиллахдаа Монголын үндэсний олимпын хороотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, үе үеийн тамирчидтай уулзав. Түүнчлэн Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл болон Төв цэнгэлдэх хүрээлэнд шинээр тавьсан тартан замтай танилцсан юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа. Дашрамд, түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Алтан гадас” одонгоор шагналаа.

-Юун түрүүнд төрийн дээд одон медалиар шагнуулсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бол спортод элэгтэй хүн. Ийм хүн Монголын Ерөнхийлөгч болсонд баяртай байна. 2020 оны олимп хүртэл манай хоёр орон спортын салбарт хамтран ажиллахад эрхэм Х.Баттулгыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Миний хүсэлтийг хүлээн авч уулзаад зогсохгүй “Алтан-гадас” хэмээх нэр хүндтэй шагналаар шагнасанд хязгааргүй их баярлаж байна.

-Монголд та хоёр дахь удаагаа ирж байна. Энэ удаад ямар ажил амжуулав?

-Хамгийн том ажил нь Монголын үндэсний олимпын хороотой 2020 он хүртэл хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бол маш чухал алхам. Гэрээ ирэх оны эхний өдрөөс албан ёсоор хэрэгжих юм. Хоёр жилийн хугацаанд Монгол, Украины тамирчид байнгын хамтарсан бэлтгэл хийнэ.

Монголчууд бөх, бокс гэх мэт спортын төрөлд өндөр амжилт гаргадаг. Тэр туршлагаас нь хуваалцана. Бид ч өөрсдийн амжилт гаргадаг төрлөөсөө хуваалцана. Ингэснээр хоёр орны тамирчид 2020 оны олимпт өмнөхөөсөө илүү өндөр амжилт гаргах боломжтой.

-Монголын хөнгөн атлетикийн тамирчидтай уулзсан. Энэ уулзалтын талаар?

-Өөрийн хуримтлуулсан туршлагаас хуваалцсан хэрэг. Монголын тамирчид маш идэвхтэй хамрагдсан шүү. Зөвхөн хөнгөний тамирчид гэлтгүй өөр спортынхон ч байсан. Би энэ уулзалтад сэтгэл хангалуун үлдсэн. Монголчууд тартан замтай болсон байна. Энэ бол маш сайн хэрэг.Нэгээр тогтохгүй хэд хэдэн ийм замтай болох хэрэгтэй. Миний хувьд чадах чинээгээрээ туслахад бэлэн байгаа. Хэдийгээр хоёрхон хоногийн давчуу хугацаатай ирсэн ч их ажил амжууллаа.

-Монголын хөнгөн атлетикийн спортын хөгжлийг тодорхойлбол?

-Удахгүй оргил цэгтээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Ингэхийн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөнгөн атлетикийн спортод амжилт гаргахын тулд бүтээн байгуулалт, тамирчдын шаргуу хөдөлмөр маш их нөлөөлдөг. Монголчууд марафон гүйлтэд сайжирсан. Цаашлаад ойрын зайн гүйлт, харайлтын төрлүүдэд амжилт гаргах байх. Тийм боломж ч бий.

-Өмнө нь ирснээс тань хойш хэр өөрчлөлт орсон байна вэ?

-Би 2014 онд танай сайхан оронд ирж байлаа. Боломж гарвал Монголд ирэх дуртай. Яагаад гэвэл зочломтгой, найрсаг зан нь намайг үргэлж наашаа татдаг юм. Харамсалтай нь, ажлын шалтгаанаас болоод хүссэн цагтаа ирж чадахгүй байна. Энэ удаад би олон газартай танилцаж амжаагүй ч Улаанбаатарт багагүй өөрчлөлт гарчээ. Илүү сайхан болсон юм шиг мэдрэмж төрлөө. Цаашид хамтын ажиллагааны шугамаар олон удаа ирэх байх гэж найдаж байна.

Эх сурвалж: Үндэсний Шуудан