“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Худалдаа хөгжлийн банк” худалдан авч, хувьчилсан асуудал олны анхаарлыг татсаар байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнийг “хувьчлал” биш гэж мэдэгдсэн. Харин олон нийт Ерөнхийлөгчийн мэдэгдлийн эсрэг байр суурьтай байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал сөхөгдлөө. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар гишүүдийн асуултад хариулсан юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар энэ Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. Хэн нь зөв шийдвэр гаргаж, хэн нь буруу шийдвэр гаргасан гэдгийг шалгаж, асуудалд цэг тавих хэрэгтэй. Энэ оны зургаадугаар сарын 13-ны өдөр хуралдсан Засгийн газрын протокол нууц байсныг ил болгоно. Бүх шийдвэр, хэлсэн үг зэрэг нь гарын үсэгтэйгээ байгаа. Асуудлыг нууж хайцаалахгүй. Иймээс хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар бэлтгэж байна. Хэрвээ хууль зөрчсөн, буруутай нь тогтоогдвол тухайн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Үнэн зөвийг тодруулсны дараа УИХ-д маш яаралтай өргөн барьж танилцуулна. Мөн хэвлэл мэдээлэл, ард иргэдэд ил тод мэдээлнэ” гэжээ.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Засгийн газар 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалж, асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулж, гишүүдийн олонхи дэмжсэн байна. Тухайн үед Сангийн сайд байсан Б.Болор 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй байх утга бүхий 255, 266 тоот тушаал гаргажээ. Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч “Монгол Улсын Засгийн газар хувиасаа татгалзаж, худалдахыг зөвшөөрч байна” гэдгээ илэрхийлсэн байна. Хоёр талын хэлэлцээрийг цуцлах, батлах бүрэн эрх УИХ-д байдаг” гэдгийг онцолсон байна.
Засгийн газар энэ сарын тавны өдрийн хуралдаанаараа 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй болсон шийдвэрийг хүчингүй болгож, 51 хувь нь төрийг төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх, компанийн дүрмийг шинэчлэн батлах, Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох зэрэг шийдвэр гаргасан билээ. Мөн өмнөх Засгийн газрын Сангийн сайд Б.Болор, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар хууль зөрчсөн байх магадлалтай тушаалыг хүчингүй болгох, улмаар бүх мэдээллийг УИХ-ын чуулган, хэвлэл мэдээлэл, ард иргэдэд ил тод хүргэхээр болсон билээ.