Г.Уянга: АН, МАН-ын үзэгдэх дүр, нэр нь өөр ч арга, сэтгэлгээ, аван идэхийн хүсэл шунал нь нэг

383

527-14238385284frg1p7aljh3kij1ac7pprmjng

АН-ын жоомыг алах гээд гэрээ шатааж байгаа хэрэг биш үү
-Юуны өмнө таниас Засгийн газрын үйл ажиллагааны талаар асуумаар байна. Уг нь МАН-ынхан сонгуулийн өмнө ард түмэндээ их гоё мөрийн хөтөлбөр танилцуулсан. Гэвч ялалт байгуулсныхаа дараа эдийн засаг хүндэрсэн, амаргүй байна гэж гомдоллоо. Та өмнөх парламентад байсан хүн. Энэ ч утгаараа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар одоо төр барьж байгаа зарим хүнээс ч илүү мэдээлэлтэй байгаа байх. Ингэхэд өнгөрсөн дөрвөн жил Монгол Улсын мөнгөний авдар үнэхээр хоосорчихсон юм уу? 
-Баларсан Монголыг аврахаар тэнгэрээс гэнэт бууж ирсэн аврагч бурхан МАН лав биш. Өнгөрсөн 26 жилийн бүх алдаа онооны ачааны хүндийг үүрэх ёстой, хариуцлага хүлээх учиртай улстөрийн хүчин МАН мөн үү гэвэл тийм. Монголчууд бүгдээрээ үүнийг мэдэж байгаа. Гэтэл эрх баригчид “Өнгөрсөн дөрвөн жилд л баллаад хаячихаж…” гэж халаглаад, гараа хумхиад суух нь үнэндээ ичмээр байна. Энэ  халаглалыг сонссон ямар ч хүний зэвүү, дургүй хоёр хүрэхээр байна. Уг нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг  сонгогчид аль эрт мэдээд “Зас, ажилла” гэж тэдэнд үнэмлэхүй суудал өгсөн. Түүнээс биш МАН-ынхныг хойшоо хараад гомдоллоод, хэрэлдээд бай гээгүй. Нөгөө талаар АН-ыг эрх барьж байхад гадаад өр огцом өссөн нь үнэн. Гэхдээ ийм буруу алхам хийлгэхгүй байх бодит эрх мэдэл МАН-д байсан шүү дээ. Тэр ч бүү хэл МАН-ын зарим гишүүн цахдаж, чаргууцалдаж байгаад хувь хүртсэн. Тиймээс авсан зээлээ нэр бүхий гишүүд нь хариуцан төлөх ёстой. Тэр өрийн дийлэнх нь өнгөрсөн 26 жилд улс төрийн дээд эрх мэдэлд ойр байсан тодорхой хүмүүсийн нэр дээр бичигдсэн байгааг энд сануулъя! Улс өртэй гэж олон түмнийг айлгаж цочоохын оронд нэр дээр нь өр бичигдсэн этгээдүүдийг зарлаж, олон нийтийн шахалтаар төлүүлэх арга хэмжээ авахаас ажлаа эхэлбэл ямар вэ гэж эрх баригчдаас асуумаар байна.
-Ард түмэн таны саналыг дэмжих байх шүү? 
-Эдийн засгийн тухайд амаргүй байгаа нь үнэн. Гэхдээ өнөөгийн энэ нөхцөл байдал МАН-ын оролцоотойгоор бүрэлдэн тогтсон. Өрийн асуудал хүндэрсэн нь мөн л МАН-ын оролцоотой. Намайг парламентад байхад өрийн тоо хэмжээг хоёр Засгийн газар дамнуулан цэгцэлж мэдээлсэн. Засгийн газраас албан ёсоор зарласан Монгол Улсын нийт өр 23 орчим тэрбум ам.доллар. Үүнээс 10 их наяд орчим төгрөгтэй тэнцэх өр нь Засгийн газрын гадаад өр. Гадаад өрийг цэвэр Засгийн газрын өр, Засгийн газрын баталгаагаар авсан аж ахуйн нэгжүүдийн өр гэж хуваавал 1/3 нь Засгийн газрын өр гэж байсан.  Одоо энэ тоо нэмэгдсэн байх учиртай. Наад зах нь “Эрдэнэт”-ийг авсан хагас тэрбум, сонгуулиар иргэдээс “Таван толгой”-н хувьцааг худалдан авч цааш дамжуулахаар төлөвлөж зарцуулсан хагас тэрбумыг нэмэх ёстой байх. Энэ тэрбум нь Засгийн газрын баталгаатай ХХБ-ны бонд. Мөн Засгийн газрын өр байх магадлалтай. Чуулган эрт завсарласан учраас энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Ч.Сайханбилэг нар араар юу ч хийсэн байж магадгүй. Яагаад гэвэл чуулган завсарлаж байхад энэ тэрбумын талаар хэнд ч албан ёсоор мэдээлээгүй.
-Огт мэдээлээгүй гэж үү? 
-Тийм.
-Өрийн тухай асуудал жирийн иргэдэд сайн ойлгогдохгүй байна. Зарим нь энэ өрийг Монгол Улсын нийт өр гэж байхад нөгөө хэсэг нь “Энэ өрний тал нь Засгийн газрын, мөн аж ахуй нэжгүүдийнх” гэх жишээтэй. Ер нь бол хэн нь ч авсан бай өр л бол өр. Тэр өрийн хэмжээ нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад бас л нөлөөлж байна?   
-Ер нь өрийг ингэж ангилаад Засгийн газрын цэвэр гадаад өр багассан дүнтэй гарлаа ч тайвшрах үзүүлэлт биш. Төсвөөсөө давсан өртэй байгаагаа тоогоор хуурч тайвшруулах гэх хэрэггүй л дээ. Гадаад өрийг тооцдог аргачлалуудаас бид хамгийн хялбарыг нь сонгож аваад байгаа. ОУВС тухайн улсын өрөнд харьяалалтай иргэдийн гадаадад төлөх ёстой төлбөрүүдийг оруулдаг. Энэ нь их зөв аргачлал гэж боддог. Гэхдээ учир бас бий, хэнийг хуурах вэ гэдэгт. “Стэнд бай” руу зүтгэж байгаа учраас өрийн энэ аргачлалыг хэрэглээд байна. Бас Засгийн газрын шинэчлэлийг өөрийнх нь Их хурал элэгдэн унагасан учраас Засгийн газар ирээдүй рүү биш, өнгөрсөн рүү харж ажиллахаас аргагүй болчихлоо. Тиймээс ингэж Монголоо хуурч байгаад орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийг давъя гэж бодож байна. Гэхдээ нэг зүйлийг анзаармаар байна. Яахав энэ таагүй мэдээлэл АН-ыг муулж сонгуульд ялахад хэрэгтэй ч гадаад эх үүсвэрээс зээл авахад сөрөг нөлөөтэй. Бага өртэй тусам манай нөхцөл сайжирна. “Өрөө гурав ангилаад зарлаач” гэсэн бидний зөвлөгөөг судлаач Д.Ганхуяг бичээд хагас сар болоогүй байхад ОУВС-гийн аргачлалаар өрөө нэмэгдсэн дүнтэй хүснэгтэлж зарлаад байдаг нь хэний “зөвлөгөө” вэ. Дотооддоо нэгнээ муулах яах вэ. Тэртэй тэргүй муу үгээ барчихсан. Харин гадагшаа зарладаг нь яаж байгаа юм бол. Энэ чинь АН-ын жоомыг алах гээд гэрээ шатааж байгаа хэрэг биш үү. Бодоцгоо л доо. АН магадгүй угтаж хэрэлдсээр дөрвөн жилийн дараа 14 хувийн хүүтэй зээл авсан “коммунистууд” гэж хараасаар сонгуульд ялах юмсан гэж мөрөөдөж байгаа биз. Дунд нь улс орон сүйрч байна.
70 жилд бүтээснийг 20 жилд багтаан нураагаад 20 тэрбум долларын өр тавиад дууслаа
-Манайх зээл авбал өндөр хүүтэй зээл олдож магадгүй гэсэн байсан, эдийн засагчид? 
-Тийм. гадаад өр иймэрхүү өндөр дүнтэй гарч ирээд байвал монголчууд хохирно. Зээл авбал 14,1 хувийн хүүтэй л олдож магадгүй гэж эдийн засгийн шинжээчид бичээд эхэллээ. Өрийн дарамтад орсон улс орнуудын гол алдаа нь хувийн хэвшлийнхний өрийг хяналтгүй орхисноос болсон байх юм. Үүнийг заавал давхар хянах шаардлагатай. Тэр тусмаа манай хувийнхны авсан гадаад өрийн барьцаанд Монголын ард түмний Үндсэн хуулиар заагдсан өмч, байгалийн баялагтай газрын лиценз байгааг тааж ядах юмгүй, өөр юу байх билээ. Нөгөө талаас өрийг төлөх маргаан гарвал Засгийн газрын баталгаагаар дамжин ард түмний татварын мөнгөөр төлөх болдог. Эцсийн дүндээ хошуу ноёныхоо өрийг төлөх гээд ард олон нь модоо барьдаг феодализмын үе эргэн ирж. Хэрэв тийм бол Ардын хувьсгалын эдийн засгийн ололт үгүй болсонтой адил. Тиймээс цэвэр Засгийн газрын өрөө зарлаад, баталгаагаар авсан хувийн хэвшлийн зээлийг ялгаж мэдээлээд, авсан эздээр нь төлүүлэх хэрэгтэй. Бизнесийн орчин муудсан, өлбөрч үхэх гээд “Ланд 200”-гаас олигтой машин унаж чадахаа байлаа, муусайн улстөрч, популистуудаас боллоо гэж хөлснийхнөөр баахан дайруулна биз. Тэр өрийг нь оффшороос нь авчруулаад төлүүлэх ёстой байхгүй юу. Бүхэл бүтэн улс барьцаалаад оффшорт нууж байдаг тэд хэн юм. Уул нь тэр ад үзээд байдаг социалист нийгэмд босгож ирсэн Монгол Улсын төлөөсөнд 11,2 тэрбум долларын өртэй гэсэн тооцоо гараад түүнийгээ 250 сая доллараар Н.Энхбаярын үед дарсан. Харин одоо социализмын 70 жилд бүтээснийг 20 жилд багтаан нураагаад 20 тэрбум долларын өр тавиад дууслаа даа, манай хоёр “эрх” нам. Халаглавч харамсавч барамгүй. Систем нь муу, болохгүй байсан зүйл бий, гэхдээ эдийн засгийн өөд татаад явж болох сайн суурийг тэр үед босгосон байсан юм. Тэр суурийг нурааж л болохгүй байсан. Харин одоо гэрээ шатааж болохгүй. Тиймээс хэрүүл уруул хийсэн ч болгоомжтой байцгаа, Ж.Эрдэнэбатыг мууллаа гээд юу сайжрах вэ дээ.
-Хэрэв ингэтэл хоосорсон юм бол гол шалтгаан нь юу вэ. Эрх баригчид ямар алдаа хийсэн болоод мөнгөний авдар хоосров? 
-Бодлогогүйн гай. Бодох толгой, бодох төр байхгүй юм чинь бас аргагүй л дээ. Дөрвөн жилийн мөчлөгтэй улстөржилтийн хөлд Монгол орон сүйрч байна. 26 жил ээлжилж болон хамтарч төр барьчихаад МАН-аас болсон, АН-аас болсон гэж бие бие рүүгээ чихэх чинь зүгээр л инээдтэй. Хамгийн гол нь нэмж өр тавилгүйгээр байгаагаа цэгцэлье гэж бодохгүй байна. Тэдний хувьд дараагийн сонгуульд намаа ялуулахын тулд “ажил хийсэн” болж харагдах нь хамгийн чухал. Гаднаас өндөр хүүтэй өрийн бичгээр олсон мөнгөө эдийн засгийн үр ашиггүй төслүүд, танил тал, ах дүү, сонгуульд намдаа хандив өгөх компаниудад бас өөрсдийгөө ч, нөгөө намын найзуудыгаа ч гомдоолгүйгээр зүгээр л цацсан. Наад захын жишээ гэхэд мөнгийг нэг гишүүн тойрогтоо аваачаад, аймгийнхаа төвд бараг л боодолтой мөнгө өрөөд зам тавьчихаж байна. Ийм байхад яаж эдийн засгийн үр ашиг гарах вэ дээ. Үнэндээ өнгөрсөн хугацаанд иймэрхүү байдлаар баахан мөнгө үр ашиггүй зарцуулсан. Ядаж л тавьсан замынхаа засварыг даахын тулд хураамж авдаг системд анхаарах хэрэгтэй гэхээр, “Уулзвар дээр түгжирч удаан зогсохгүй болсноор машин болгон балга бензин хэмнэнэ. Машин болгоны энэ хэмнэлтийг тооцвол асар их мөнгө” гэж байсан. Ийм зүйл яриад байгаа хүмүүстэй юу ярих билээ. Зээлийн мөнгөөр тавьсан замынхаа үр ашгийг ингэж л тооцдог Хөгжлийн сайдтай байсан хүмүүс шүү дээ, бид чинь.
-Товчхондоо өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал ингэж хүндэрсэнд МАН, АН аль аль нь буруутай гэх гээд байна аа даа?  
-Тиймээ, буруу ажил хийсэн хүмүүс бүгд буруутай. Магадгүй тэд зөв гэж бодоод буруу зүйл хийгээд байсан байж мэднэ. Тэгвэл бурууг нь мэдсээр байж түүнийг нь хийлгээд байсан хүмүүс хийснээс нь ч илүү буруутай гэж би боддог. МАН-д энэ алдаанаас зайлах ямар ч нүх сүв байхгүй, уучлаарай гэх байна. Үүнээс гадна энэ асуудалд олон нийт ч  буруутай. Тэнд зам тавьсан бол энд тавь, сургууль, цэцэрлэг, соёлын төв, явган зам барь гэсээр гишүүд нь барьцаанд орж улсын төсвийн уутыг гөвсөн. Үүнээс болоод Засгийн газрын зөв менежмент хийх бололцоог парламент нь хаасан. Үүнийг популизм гэдэг юм. Энэ популист суурин дээр төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгждэг үрлэгэн, нугалсан ашигтай тендер авч баяждаг компаниуд ашиг завшаан олох гэж авилгыг хавтгайруулсан. Үүн дээр нь банкууд тоглож, өндөр хүүтэй мөнгө хүүлсэн. Үнэндээ хэт ашгаар хөөсөрсөн эдийн засгийн хөөс л хагарч байна. Эцэстээ энэ бүхний өртгийг улс даахаа байхаар өр тавьж эхэлсэн, хийсэн ажлынхаа мөнгийг авч чадаагүй компаниуд дампуурсан, зээлээ төлүүлж чадаагүй банкууд ч хүнд байдалд орсон. Бүгдээрээ буруутай, буруутайнхаа хэмжээгээр зовлонгоо үүрцгээж байгаа. Ийм л юм болж байна.
-Ер нь эдийн засаг хүндэрсэн байлаа гэхэд цалин тэтгэвэр танах, багш, эмч нарын тэтгэмжийг танах,“Хамтын тэтгэврийн хуулийг” хүчингүй болгох зэрэг асуудлыг хөндөх нь зөв юм уу? 
-Өр шир, эдийн засгийн хүндрэлээр айлгаж байгаад л цалингаараа амьдардаг ядарсан хүмүүсийн халаас руу гараа дүрцгээх нь буруу. Одоо тэгээд зогсоо  зайгүй, тасралтгүй, элдвээрээ хэлүүлэн доромжлуулан байж анхааруулаад сануулаад хэлээд байхад сонсоогүй, эцэстээ буруутныг нь дахин сонгоод л гаргаж тавиад байгаа юмыг би яахвэ дээ. Эцсийн эцэст энэ чинь ард түмний сонголт гэдгийг мартаж болохгүй. АН, МАН-ын үзэгдэх дүр, нэр өөр боловч арга, сэтгэлгээ, аван идэхийн хүсэл шунал нь нэг. Яахав, одоо тэгээд ээлжлээд л сонгоод байх уу?! Хямрал одоо л эхлэх байх. Яагаад гэвэл өмнө хэлсэнчлэн өрийн тоогоор хуурдаг шиг эдийн засгийн өсөлт арай ч хасах болчихоогүй явсан юм. Барууныхан өсөлт нь буурсан гэх муу амтай л байсан. Одоо хасахтай гараад ирвэл хямрал бүрэн батлагдаж, Азийн Грек болно. Иргэдээ хямралаар айлгачихаад эмзэг хэсгийг улам дарамтлах нь нийгмийн сэтгэл зүйг бүрмөсөн эмх замбараагүй байдалд оруулж, хаос үүсгэнэ. Хэрэв хямрал бодитой болж байгаа бол хамгаалах шаардлагатай хүүхэд, ахмад настангуудаа хамгийн түрүүнд нийгмийн баталгаагаар хангах ёстой. Ингэсний дараа харин хасах танах ёстой зардлуудаа тооцох ёстой. Ажил хийж амиа тэжээх чадалтай, эрүүл саруул, ид насныхныг ямарваа халамжаас хасах нь хавтгайрсан халамжийг цэгцлэх бодлого мөн. Хамгийн түрүүнд ашиггүй хөрөнгө оруулалтуудаа царцаах ёстой атал хүүхдийн мөнгөнөөс хасаад хагас их наядыг төсөвлөж тендерийн мөнгийг өгнө гэж байгаа нь жинхэнэ хулгай гэсэн үг. МАН-ынхны халаглаад байгаа дампуурсан олон компаниуд бүгд биш юм гэхэд олонхи нь зөвхөн тендер авч нугалсан ашигаар тэжээгддэг, тэр ашигаас улстөрчид нь хувь хүртдэг байсан компаниуд. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хөрөнгө оруулалтыг хянаж царцаахад эхний хэсэг нь ил гарсан. Дараа нь хөрөнгө оруулалт АН-ынханд шилжсэн. Одоо МАН-ынхан тэднийг ил гаргаж, үрэлгэн хөрөнгө оруулалтуудыг хянах ёстой атал аль 2012 оныоос өмнөх хөрөнгө оруулалтын зардлуудыг олгох гэж нийгмийн халамжийг танаж байна.Хахуулиар тендер авч ажиллахыг бизнес гэдэггүйг олон “хуурамч” бизнесмэнүүд ойлгож авсан байх. Одооноос жинхэнэ бизнесээ эхэлж улстөрчтэй холбогдсон “гэнэтийн ашгийн” арга барилаасаа салбал эдийн засагт тогтвортой суурь бүрдэнэ. Улстөрчид албан тушаалаа бизнес гэж ойлгосоор байгаа цагт энэ өвдөлт үргэлжилсээр л байх болно. Тиймээс бизнесийнхэнд зөвлөхөд одоо наадуулаа хая. Угаасаа өгөх ч мөнгөгүй болсон. Хямрал энэ талаараа бас ашигтай ч юм шиг.Ард түмэн хямралаас гарах ийм л сонголт хийсэн юм биш үү. Үүгээр далимдуулж Засгийн газар ачаагаа хөнгөлж, амьсгаа авах ёстой. Ингэвэл энэ Засгийн газар түүхэнд үлдэнэ. Чадахгүй бол огцорно.
-Та гишүүн байхдаа “Оюутолгой” зэрэг томоохон оруудтай холбоотой асуудлыг цэгцлэхийг шаарддаг байсан. Ер нь энэ асуудлыг эргэж харснаар эдийн засгийн хүндрэлээс гарах болов уу? 
-“Оюутолгой”-н гэрээг анхнаас нь буруу хийснээс гаднын нэг компани биднийг төсвөөр нь, идэх хоолоор нь барьцаанд хийчихлээ. Энэ орд чинь одоо байгаа нөөцөөрөө л монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх хөрөнгө шүү дээ. Одоо өнгөрсөн гээд хаяхад харамсах багадах эд байгаа юм. Гэтэл одоо “Цаана нь гурав дөрвөн “Оюутолгой” байна, хая цааш нь” гэлцдэг болж. Ийм цуурхал эцэстээ ажил болдог шүү. Энэ гэрээг засах тэмүүлэл байнга байх ёстой. Үүнийг хэзээ ч орхиж болохгүй. Нэг хэсгийг нь хахуульдаж болдог байхад. Гэхдээ хахуульд автахгүй хүмүүс Монголд бас байдаг юм шүү. Цэгцлэх сайн цаг ирнэ гэж боддог. Гэрээг сайжруулахын тулд юуны өмнө монголчууд бид нэгдмэл болох учиртай. Хоорондоо дайтаад байвал хон хэрээний идэш болно гэсэн үг. Харин бүгд нэг болохын тулд шаардлагатай зүйлийг хийхэд хэзээд бэлэн байх болно. Өршөөл, уучлал, зарим  зүйлийг мартах… Улс орны эрх ашгийн төлөө хийх шаардлагатай зүйлийг хийгээд нэгдэж болж байвал үүнд улстөрч хэзээд бэлэн байх ёстой гэж боддог.
-Эдийн засгийн хүндрэлээс гарах нөхцөл байдлын тухайд? 
-Эдийн засгийн хүндрэлээс зөв замаар гаръя гэвэл бид нэмж өр зээл тавих биш бодит байдалтайгаа халуун нүүрээрээ учрах л шаардлага тулгарах байх даа. Төр хийх ёстойгоо элдвийн дарамтгүй хийх, хувийнхан байгаа бодит зах зээлдээ бизнесээ хийх. Төсвийн мөнгөөр хувийнхны өндөр ашгийг төлдөг байдлаас гарах. Төсөв тойрсон бизнесээс сална гэдэг чинь өөрөө хувьсгал байна шүү. Мэдээж бидэнд хүндрэл ирж болно. Гэхдээ л монголчууд хэзээ ч өлсөж үхэхгүй. Хэсэг малтайгаа, мах, цагаан идээтэйгээ байх, элдэв тансаг хэрэглээгээ хумьж, хог зөөхөө больж, өөрсдөө бодтойгоор хөл дээрээ босч чадвал бид сэвхийтэл өндийгөөд ирнэ. Энэ бодит байдалтайгаа тулбал дотоод нөөц бололцоогоо ч илүү олж харна. Мал аж ахуй, хөдөө аж ахуй руу чиглэсэн бодлого, бизнес хүчээ авах сайхан боломж бидэнд ирж ч байгаа юм бил үү. Ер нь бид бодит байдалтайгаа нүүр тулахаас юундаа хулчийгаад байгаа юм бэ. Туулай унаад босох, заан унаад босох өөр гэдэг биз дээ. Энэ зам нь улс төрийн ширвээ ихтэй учраас хоёр нам хүсэхгүй л дээ.
“Сүлжээ байна, мөнгө өгвөл намынхаа эсрэг, таны төлөө ажиллая” гэсэн үй олон санал байсан
-Та МАН-ынхан Засгийн газраа бүрдүүлэх явцыг юу гэж харж байв. Уг нь эрх баригчид мэргэжлийн Засгийн газрыг бий болгоно гэсэн. Гэвч сайд дарга нарын томилгоо явагдах үед олны дургүйцэл дээд цэгтээ хүрч, зарим нь энэ бол мөнгөний Засгийн газар нэр зүүсэн. Та үүнтэй санал нэгдэх үү? 
-Та бол ер нь л МАН-ыг шүүмжлүүлэх гээд чиглүүлээд байх шиг байна. Хоёрт энэ ярилцлага ямар нэг хэмжээгээр орон нутгийн сонгуульд нөлөөлөх байх. Тиймээс хариулт болгоны өмнө АН байсан бол ямар байх бол? гэдэг асуултыг танд болоод уншигчдад буцаагаад тавьж байна гэж ойлгоорой. Дөрвөн жилийн өмнө яг ингэж эхлээд АН ялагдсан. Харин өнөөдөр АН бид дөрвөн жилийн дараа ялна гэж ярьж байгаа бол энэ томилгоо ямар болсон нь ойлгомжтой. Ер нь бол мөнгөний Засгийн газар томилогддог нь зөвхөн энэ удаагийнх биш. Манай төрийн тогтолцоо тэр чигээрээ мөнгөнийх. Би сая хэллээ шүү дээ, сонгогчид нь сонгохоосоо эхлээд 20 мянгаар, 50 мянгаар саналаа худалдаад л энэ тогтолцоо цааш хөвөрнө. Үндэс сууриар нь, Үндсэн хуулиас нь өөрчлөхгүйгээр явахгүй.
Ганц М.Энхболд л мөнгө авч сайд томилдог гэвэл үнэмшилгүй. Н.Энхбаяр дарга ч ингэдэг байсан, АН ч ингэдэг. Хаана ч нэр дэвшигчийн үндсэн шалгуур мөнгө. Дүүрэгтээ 50 сая, намдаа 100 саяыг өгөхгүйгээр нэр дэвших эрхээ авч чадахгүй. Арай гэж нэр дэвштэл ард нь намын бүтэц, элдэв сүлжээ баахан мөнгө нэхнэ. Хэрэв нэхсэнийг нь өгөхгүй бол эсрэг ажиллана. Бүгд тэр сүлжээ, аалзны торны барьцаанд. Өнгөрсөн сонгуулийн үеэр ч МАН-ын, АН-ын бүр бусад намынхан “Сүлжээ байна, мөнгө өгвөл намынхаа эсрэг, таны төлөө ажиллая” гэсэн үй олон санал биеэ үнэлэгч шиг л тэнүүчилж байсан. Бүх нэр дэвшигчид намын бүтцээсээ гадуур өөрсдийн, бас чөлөөт хүмүүсээр баг бүрдүүлж сонгуульд оролцдог болсныг мэдэх үү. Нэр дэвшигчид ийм барьцаанд, нам нь их мөнгө өгсөн компани, хүмүүсийн барьцаанд, сонгогчид нь идэх хоол, талхныхаа барьцаанд. Монгол бүхэлдээ бие биенээ барьцаалчихаад байна. Үүнийг тайлахгүйгээр цааш ч явахгүй дээ, бид. Тиймээс өнөөдрийн толины тусгал харж МАН-ыг муулаад ч яах юм билээ. МАН  таалагдахгүй байгаа бол тэндээс өөрсдийгөө олж харах хэрэгтэй.
-Тэгвэл энэ олон барьцаанаас яаж гарах ёстой юм?
-Төрийн эргэлт, цэргийн эргэлтийн аригийг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг энэ улс даахгүй л дээ. Тийм аавын хүү ч төрөхгүй биз. Ерөнхийдөө бэртэгчин нийгэмд ийм хүмүүс ч амжилт олохгүй. Тэгэхээр эвлэлдэн нэгдэх, хамтран зөвшилцөхийн хамт засах арга нь Үндсэн хуулийн өөрчлөлт л гэж харсан учраас байнга үүнийг яриад байгаа юм. Харин энэ гарцыг хэн нэг нь өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж оролдох л юм бол буруу тийш нь эргүүлнэ. Нэг нам дангаар ноёрхсон бүтэц бүрэлдэхүүн хийж бүүр ч болохгүй. Үндсэн хуулийг хэлэлцэх шинэ бүтэц хэрэгтэй. Хэрэв байдал цаашид сайжрахгүй удвал ээлжит бусаар түр парламент, Засгийн газар бүрдүүлэхдээ тулж ч магадгүй. Уул нь тэгвэл л дээр байгаа юм.
-Нам бус гэсэн үгээр төрийн албан хаагчдыг олноор нь халж байна. Ер нь ямар арга хэмжээ авбал төрийн алба улстөрчдийн тоглоом биш болох бол?
-Дээр хэлсэн бүхнийг хийвэл болно. Төр нь намуудын тоглоом, намууд нь бүлэглэлүүдийн тоглоом, бүхэлдээ Монгол буруу тогтолцооны тоглоом болж байна. Ер нь бол нам бус хүн ховор халсан байх, нөгөө намынхныгаа л намнаж байгаа биз. Шалгуур нь ажил хөдөлмөр бус нам болчихоор ингэдэг.
Яам, агентлаг, Засгийн газрын үйл ажиллагааг сонгуулийн хугацаагаар байтугай жилдээ дүгнэх наад захын зөвшөөрөгдсөн шалгуур бий билүү, манайд. Гэтэл Киргизэд хүртэл тодорхой шалгуур байдаг. Ажлыг нь авсан ч сайн ажилласныг нь үнэлдэг. Манайд уг нь төрийн албан хаагч хуулиар нам бус статустай ч ажиллагсад нь даргыгаа намын томилгоогоор ирснийг мэддэг учраас сонгуулиар нам солигдмогц дээд газраа матаасаар дардаг. Тэгээд хий хоосон цуурхал, баривчилгааны сураг, идсэн уусан муухай мэдээцацагдаж, сайн муу хамаагүй алба хашсан л бол тэр хүн нэр нүүрээ бараад ажлаа өгдөг. Мэдээллийн хүчирхийлэл юм даа. “Хуулиас гадуур” хүнийг “алах” арга нь тэр. Авсан хүн нь дараа өөрт нь ийм юм тохиолдохыг мэдэж л байдаг. Эх толгой, засаг журам байхгүй. Олон нийт бүх дарга нарыг муу ажилладаг, мөнгө л иддэг гэж боддог. Энэ төрд сайн хүн нэг ч байхгүй гэж үү. МАН, АН бие биеэсээ хариугаа авч ажил албан тушаал солих гэж төрийн нэр хүндийг зольж дуусгаж байна. Сайн мууг нь ч ялгахаа болилоо. Явж явж иргэдийн толгойд бүгдээрээ хог шаар гэсэн дүгнэлт л үлдэж байгаа. Далтоник гэж нэг төрлийн өвчин байдаг юм билээ, хүний нүд өнгө ялгахаа больчихдог. Эсвэл дан өнгөөр, эсвэл зөвхөн хар цагаанаар хардаг болчихдог. Монгол нийгмээрээ далтоник тусч байна.
-Ер нь олны итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс яаж ажиллах ёстой юм бэ. Ингэж асуусан шалтгаан маань Та өмнөх парламентад хэнээс ч айж эмээлгүйгээр хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг байсан. Тэр ч бүү хэл зарим асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэх үед популизм хийж байна гэж шүүмжлүүлдэг байлаа. Гэтэл өнөөдрийн парламентаас та нарынх шиг дуу хоолой гарахгүй нэг л сул харагдаад байх юм? 
-Намынхаа нэрээр сонгогдсон хүмүүс “олон юм ярихгүй” байх нь зөв л дөө. Тэр нь ч шударга. Тийм ч байлгах гэж тэднийг нам нь нэр дэвшүүлсэн. Намын нэрээр гарч ирээд “олон юм яриад” байвал дараагийн удаа сонгогч бус нам нь тэднийг байхгүй болгоно. Аятайхан шиг байвал ядаж гишүүн байгаад байж болно. Эв нь таарвал дарга, сайд, тендер гээд чимээгүй байж байгаад юм юмтай болж болно. Гагцхүү “олон үггүй” байх хэрэгтэй. Гэхдээ олон юм ярья гээд ч юу ярихаа мэдэхгүй хүмүүс бас байна.. Энэ нь нөгөө талаар  муу зүйл биш л дээ. Нэг л нам юм чинь элдэв чирэгдэл багатайгаар ажлаа хийхэд ийм шулуун зам хэрэгтэй. Намын нэрээр сонгогдсон бол бодлогоо дагаад явах нь зөв. Одоо орон нутгийн сонгуулийг бас л МАН-д тэр чигээр нь өгчихсөн нь дээр гэж би харж байна. Яг энэ зарчмаар өнгөрсөн орон нутгийн сонгуульд би АН-ыг дэмжиж байсан. Намын нэрээр сонгогдсон хүмүүс тэр үзэл бодлоо дотооддоо ярих хэрэгтэй болохоос олон нийтэд ярьж популизм хийх шаардлагагүй. Намынхаа бодлого, хөтөлбөрөөр гарч ирчихээд эсрэг юм яриад байвал тэр хүн харин ч гажиг харагдана. Түүнийг харин жинхэнэ популизм гэнэ. Олон нийтэд намаа байнга шүүмжлэх хирнээ үзэл бодол таарахгүй байгаа намаасаа зууралдаад салахгүй хүмүүс бас байх юм, “нохой зассан хүндээ янаг” гэдэг шиг.
Төр бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх тогтвортой бүтэцтэй, өмчтэй байх ёстой
-Та өмнөх ярилцлагадаа энэ бүхэн ард түмний сонголт учраас шүүмжилмээргүй байна гэсэн байна билээ. Гэтэл энэ сонголт үнэхээр ард түмнийх биш байвал яахав?
-Луйвар байгаа. Гэхдээ ямар нэг хэмжээгээр ард түмний сонголт мөн. Мөнгө аваад регистерийн дугаар цуглуулж өгсөн хүмүүс, мөнгө аваад царцааны нүүдлээр өөр газар саналаа өгсөн хүмүүс, хэн мөнгө өгсөнд нь саналаа өгнө гээд орой санал авах байраар багширч байсан 18-25 насны залуус, компаниараа хэлэлцэн тохироод очсон хүмүүс, нөгөө талын хар пиар ухуулгад итгэсэн хүмүүс гээд үй олон хүний сонголт. Гэхдээ гутрах юу байна. Ийм арчаагүй үй олон хүмүүсээр энэ улс үндэстний голомтыг самруулж болохгүй учраас л цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй, цуцалтгүй, бодлоготойгоор чамбай үргэлжлүүлэх зайлшгүй хэрэгтэй. Би түүнийгээ хийсээр л байх болно.
-Зарим сонгогч үнэхээр хариуцлагагүй байсан гэдэгтэй санал нийлж байна. Сонгуулийн орой үнэхээр таны хэлж байгаа шиг дүр зураг харагдаж байсан? 
-Аль ухаантан нь билээ дээ, ард түмнийг хүүхэдтэй зүйрлэсэн байдаг. Үнэхээр ч тийм. Тэд яг л хүүхэд шиг. 26 жилийн турш хууртагдан доройтсондоо дүгнэлт хийхгүй. Дөрвөн жилийн өмнө хэн нь хэн байсныг мартчихна. Бүр 100 хоногийн өмнө ямар сонголт хийснээ мартчихаад өөрийнхөө сонголтыг хараана. Чихэр өгсөн хүнд хүүхэд сайн болдог шиг мөнгө өгсөнд нь тэр даруйдаа сайн болчихно. Ерөөс Монголын ард түмэн ийм юм биш, хүн төрөлхтний түүхэнд бүхий л ард түмэн ингэж л бичигдсэн байдаг. Тийм ч учраас төр гэж байдаг, байх байхдаа төр шиг, эцэг шиг төр байх ёстой юм. Тэр төр нь хүчтэй байвал улс, үндэстэн хүчтэй байна, дорой байвал доройтно, мөхнө. Энэ чинь зүй тогтол шүү дээ. Бид чинь жаахан хүүхэддээ өөрийг нь өөрт нь даатгадаггүй биз дээ. Хэрэв хүүхдээрээ сонголт хийлгэвэл тэд чихэр жимс, амттан л сонгоод идээд, өлсөөд байна. 26 жилийн турш аль амттан өгснийг нь сонгосоор л байна. Хүүхдээ зааж чиглүүлж, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэдэг шиг чиглүүлж удирдаж, зохицуулах ёстой юм, төр нь. Ард түмэн хэрхэн амьдрах, улс үндэстэн өөдлөн дэвжих үү, уруудан доройтох уу гэдэг нь хүүхэд ямар хүн болох нь ямар аав ээжтэй байхаас хамаардаг шиг ямар төртэй байхаас хамаарна. Би хүчтэй төрийн төлөө хатуу зогсоно. Өнгөрсөн 26 жилийн төрийн сулруулсан бодлого буруу. Үүнийг засахын тулд л Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй. Ард түмэн түүхээ бичдэг. Өнөөдрийн сонголт ч түүх мөн. Бид ч бас л Монгол үндэстний нэгэн үеийн түүхийг хамтдаа бичилцэж байна. Ард түмэн дундаасаа бас адгийн шаарыг, суутнуудтайгаа хамт л төрүүлдэг. Алийг нь хөвүүлж алийг нь живүүлэх вэ гэдэг төрийн тогтолцоо, төрийн хэр хүчирхэг байхаас л хамаарна. Төр бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх тогтвортой бүтэцтэй, өмчтэй байх ёстой. Төрд зөвшөөрөх болон хориглох бүхий л эрх хадгалагдаж байх ёстой. Товчхондоо төр хүчтэй байх ёстой. Монголын ард түмэн чадалтай, авьяастай. Түүнийг зөв хөгжүүлж, зөв зохион байгуулах төр л хэрэгтэй байна даа.
Би  Х.Баттулга гишүүн, З.Энхболд дарга нартай илүү ойлголцдог байсан нь үнэн 
-Уучлаарай, уг нь таныг энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулна гэж итгэсэн хүн олон байсан. Гэтэл үр дүн өөр гарсан. Сүүлд зарим мэдээллийг харж байхад таны нэр дэвшсэн тойрогт адилхан нэртэй хүн нэр дэвшүүлсэн байсан гээд л… Үнэхээр тийм асуудал болсон юм уу. Хэрэв тийм бол ямар нам, хэн гэдэг улстөрч таны эсрэг ийм муухай зүйл хийсэн байж болох вэ?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн удирдамжаар МЗХ, Иргэний хөдөлгөөний нам хамтарч зөвхөн намайг хорлохоор Г.Уянга гэдэг нэтэй эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Тэр нь сурталчилгаа хийгээгүй, зураг плакат ч өлгөөгүй. Зүгээр л андууруулах зорилготой. Андуурсан энэ нэр надаас 800 гаруй санал зулгаасан байх. Нам нь долдугаарт байгаа ч саналын хуудсан дээр дараалуулахаар энэ нэр саналын хуудсанд яг дээрээсээ гуравт, харин минийх баруун тийшээ гуравт бичигдэж таарч байгаа юм. Мөн сайхан тааруулж байгаа юм шүү. Миний сурталчилгааны кампани энэ андуурлыг сонгогчдод зааж өгөхөд бүтэн долоо хоног зарцуулсан ч бүх хүнд яаж хүрч чадах вэ дээ.Үүнийг сайхан, муухай гэж тодорхойлохоос илүүтэй бохир технологи, аргаа ядсан хэрэгсэл л гэх юм даа. Ер нь тэгээд сонгууль том алхам мөн үү, мөн. Энэ улс орон ангал руу эргэлт буцалтгүй унаж байхад ядаж арагш чангаагаад зогсоход ирмэгт ойрхон байрлал надад хэрэгтэй учраас сонгуулийг алдсан нь мэдээж надад харамсалтай. Гэхдээ сонгуульд ялах нь өөрөө зорилго биш. Зорилго бол Үндсэн хуулийг өөрчлөх, зөв төртэй болох, эцсийн дүндээ улс үндэстнээ нэгтгэх зөв үзэл санаа ялж, үндэстэн баттай оршин тогтнох ганхашгүй суурийг засах хүчтэй төртэй болох. Нэг сонгуулиар бүх зүйл дуусахгүй. Ингэхэд би өнөөдөр 41 нас хүрч байна. Бүх амьдралын, идэвхтэй, ухамсарт амьдралын тал нь урд байна шүү дээ.
-Нээрэн саяхан таны төрсөн өдөр болсон. Төрсөн өдрийн мэнд хүргэе!
-Тийм ээ, баярлалаа.
-Магадгүй та сонгуулийн дараа ТТЭН эвслийн дарга биш харин бие дааж нэр дэвшдэг байж гэж бодсон уу? 
-Үгүй. Би хийсэн үйлдэл болгоныхоо байж болох бүх үр дүнг тооцоод орсон учраас огт  харамсаагүй. Ард түмэн бие даагчийг таалж байгаа учраас бие даачихъя гэдэг бол улстөрчийн сонголт биш. Том зорилгын төлөө яваа хүн түүндээ хүрэх багтай орж байж олон түмний итгэлийг илүү авна. Би 26 жилийн дараа Монголын ард түмэнд огт өөр сонголт бий болгох гэж хичээсэн. Хугацаа давчуу, амаргүй байсан ч хийж чадсан. ТТЭНН МАНАН-тай мөнгөөр өрсөлдөхгүй. Бид ард түмний ходоодтой биш тархи, зүрхтэй нь ажиллана. Хүн гэдэг амьтан зэрлэг амьтдаас энэ хоёроороо л арай өөр шүү дээ. Түүнээс амьтан болгон идэх ходоодтой. Хэрэв сонгуулийн хуулийг өөрчлөөгүй бол, жижиг хүний саналаар жижиг мажоритарийг сонгоогүй бол, бид парламентад орж чадаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө тууштай ажиллах байсан. Түүнээс Засгийн газарт орохын төлөө ажиллахгүй байсан.
-Таныг сонгуулийн өмнө намын дарга болоход их олон хүн гайхсан. Зарим нь ТТЭН эвслийн ард нууц ноёнтон бий. Тэр нь Х.Баттулга гэх зэргээр ярьж байлаа. Таны ард үнэхээр нууц ноёнтон байсан уу?
-Ар өврийн хүн надаас хайхаа болих цаг болсон байхаа гэж бодож байна. УИХ-ын гишүүн байхдаа хийсэн миний ажиллагаа Уянга гэдэг хүнийг ямар нэг  хэмжээгээр таниулсан ч гэж горьдож байна. Таны ярианы логикоор өнгөрсөн хугацаанд янз бүрийн хүмүүс ард байсан бол би түрүүлж алхаж, тэд хоцорч байсных л байх. Миний хувьд Х.Баттулга гишүүн, З.Энхболд дарга нартай илүү ойлголцдог байсан нь үнэн. Х.Баттулга гишүүнийг би эх оронч хүн гэж боддог. Хуурамч дүр эсгэдэггүй, зорьсондоо, ажил хэрэгч, санаа бодол, зүрх сэтгэл нь зөв хүн гэж үзсэн учраас хамтарч байсан. Бас нам байгуулах талаарх санаа бодлоо солилцож, зарим тохироо тохиргоо хийж байсан нь ч үнэн. Би чинь бас 76 хүү, бодтой шатрын өрөгт “сул хүү” байгаагүй юм аа. Засгийн газартай, Ерөнхийлөгчтэй, олонхи цөөнхтэй нүүж, нөгөөдүүлд “Оюутолгой”, “Гацуурт”-ынхан зөвлөж, зааж байхад ч өгөөтэй аваатай, шалж, шалуулж явсан. Засгийн тэргүүнийг огцруулах амаргүй ажлыг эхлүүлж, Гацууртыг дөрөв буцааж, 26 жилд анх удаа Ерөнхийлөгчөөр тайланг нь тавиулж явсан. Тиймээс хэлэлцэх тохирох, нүүдэл суудлаа “адуу, хонины бэлчээрт” тохируулах тухайд ярилцалгүй яах вэ. Үүгээрээ бид хэн нэгнээ барьцаалаагүй. Харин ч илүү ойлголцсон. З.Энхболд дарга ч бас оршил дагуулгүй шулуухан зантай, бас ч асгаж цутган идэж уусан гэж сонсогддоггүй зөв талын хүн гэж бодож Их хуралд байхдаа дэмжиж л байсан. Цэцээр гөнжиж унагах гэхэд нь тулж байсан нь улс төрд хамтарвал зөв хүн гэж л үзсэнийх. Тэрнээс бие биеийнхээ ар өвөрт нуугдаад байсан зүйлгүй, зүгээр л улс төрийн стратегийн хамтрагчид байсан гэвэл илүү оновчтой болох биз. Бидний хамтрал зарим хүнд аюултай байсан байх л даа. Тийм ч учраас манай нам суудал авч чадсангүй.“Суудал өгсөнгүй” гэсэн нь ч илүү оновчтой байх.
-Монгол шиг ийм улс төрийн тогтолцоотой оронд гуравдахь нам хүчээ авна гэдэгт итгэдэг үү. Ингэж асуусан шалтгаан нь ИЗНН-ын дарга С.Оюун зовлонгоо ярьсан. Ингэхдээ манайх шиг оронд гуравдагч хүчин хэзээ ч дээшээ гарч ирэхгүй. Тогтолцоо маань ийм. Иймээс АН-тай нэгдэх тухай асуудлыг хөндөнө гэж хэлж байсан? 
-Тэр үнэн. Гурав дахь байтугай хоёр дахьд нь ч орон зай байхгүй. Манай өгөгдөл өөрөө тийм. Бид үүнийгээ ойлгож хүлээн зөвшөөрөх ёстой. Нөгөө талаар Монголд улс төрийн тэргүүлэх хүчин үгүйлэгдэж байгааг бас л олон жил ярьж байна. Бодлоготой, эмх цэгцтэй, чадварлаг боловсон хүчинтэй, ёс суртахуунтай улс төрийн тэргүүлэх хүчин үгүйлэгдэж байна. Гэвч тийм хүчин алга. Тийм хүчтэй нам, хүн байвал би хүчээ өгөхсөн. Улс төрийн хүчнийг хэдэн гишүүнтэй, хэн нь том байртайгаар эрэмбэлдэггүй. Одоо л нам гэхээр там гэдэгтэй адил сонсогдож хүмүүсийг жигшээх болж. Лениний нэг тодорхойлолт байдаг, “Нам бол нэр төр, оюун ухаан, нандин чанар мөн” гэж. Энэ бол зүгээр л нэг үг биш юм шүү. Гурван сая хүнээс ийм хэдэн нам гарч чадна гэж бодоо вэ. Тэгэхээр С.Оюун даргын хэлдэг зөв. ИЗНН-ыг АН-д нэгтгэх С.Оюун даргын шийдэл маш зөв, ухаалаг шийдвэр байсан. АН-ыг дэмжиж сонгуульд оролцохоос татгалзсан МҮАН-ын шийдвэр ч мөн адил. Гагцхүү зовлон үзсэн хүмүүс л ийм ухаалаг шийдвэр гаргаж чадна. Намууд нэгдэхийг би дэмждэг. Эвсэх байтугай нэгдсэн ч болно. Гагцхүү бүгдээрээ юунд нэгдэх вэ гэдэг том асуултад би “том” намуудаас хариулт авч чадахгүй байгаад л асуудал байгаа юм. Зүгээр л МАН-ыг ялахын тулд нэгдэнэ гэвэл түүн шиг утгагүй юм алга. Эсвэл засагт хамтрахын тулд эвсэнэ гэдэг ч юм уу. Иймэрхүү хамтрал хол явахгүй болчихоод байна. “Биднийг нэгтгэх дайсан хэрэгтэй” гэж олон хүний хэлэхийг сонссон. Тэр “дайсан”-аа МАН, эсвэл АН гэж ойлговол том эндүүрэл болно. Бидний дайсан бол алсын хараа, бодлого, чиглэлгүй, эмх цэгц, зохион байгуулалтгүй, тархай бутархай байгаа байдал  маань. Яг л түүх давтагдаж феодалын бутралын үе эргэн ирж байх шиг.
-Эцэст нь асуухад та сонгуулийн дараа “Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж МАН үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэе!” гээд хэд хэдэн үүрэг оногдож байгааг сануулсан байсан. Үүнд, оффшор данстануудтай хариуцлага тооцох, албан тушаал зарж санхүү босгохгүй байх, “Эрдэнэт” үйлдвэрээ авч үлдэх мөн “Оюутолгойн гэрээ”-г засаж сайжруулах, Үндсэн хуулийг өөрчлөх нь зайлшгүй чухал ажил гэсэн байсан. МАН-ынхан ирэх дөрвөн жил таны санал санаачлага зарим талаараа сануулга болгосон энэ асуудлуудыг ажил хэрэг болгох болов уу?
-За даа, чадахгүй л байхаа даа. Шалтгаануудыг сая та бид хоёр баахан ярилцлаа шүү дээ.
-Одоо та намын даргын хувьд, ирэх УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн тулд ямар ажил хийнэ гэж төлөвлөж байна вэ?  
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулахын тулд бололцоотой, өөрөөс хамаарах бүхнийг хийнэ. Хаа очиж энэ гацаа дампуурал Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол болохоо байлаа гэдгийг улстөрчдөд сайтар ойлгуулж байх шиг санагдах юм. Өрсөлдөхийн тулд биш өөрчлөхийн тулд ажиллах ёстой. Энэ чинь л миний ажлын чиг шугам.
Л.Оюунгэрэл
УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН

Эх сурвалж http://www.info.mn