Нийтийн тээврийн салбарт Варшав хоттой хамтран ажиллана

569

Хотын дарга С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд энэ оны 3 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Европын хотуудад айлчлал хийгээд ирсэн билээ. Энэхүү айлчлалын нэг зорилго нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, Европын стандартыг Улаанбаатар хотод нутагшуулах ажлын хүрээнд Европын хотуудын удирдлагуудтай бодитой яриа хэлцэл хийх явдал байсан юм. Хотын даргын айлчлал Польшийн нийслэл Варшав хотоос эхэлж, Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзан хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтээ илэрхийлсэн. Хотын даргын энэхүү хүсэлтийг Варшав хотын дарга уриалгахан хүлээн авч, бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ амлаж байв.

Варшав хот нийтийн тээврийнхээ үйлчилгээ, хурд, чанарыг сайжруулах замаар  авто машины түгжрэл болон түүнээс ялгарах хорт утаагаа багасгах тал дээр сүүлийн жилүүдэд маш амжилттай ажиллаж, бүс нутагтаа жишиг нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлж чадсан хот гэдгээрээ дэлхий нийтэд танигдаж чаджээ. Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валц Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тал дээр хамтран ажиллана гэдгээ ч айлчлалын үеэр мөн илэрхийлсэн.

Тэгвэл өнөөдөр хоёр хотын даргын айлчлалын үеэр хөндөгдсөн яриа хэлэлцээрүүд биеллээ олж Варшав хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 20-23-ны өдрүүдэд айлчилж байна. Энэ удаагийн айлчлалд Варшав хотын тээврийн удирдах зөвлөлийн дарга Весвав Витек, Тээврийн газрын дарга Мэчисвав Рекснис, Тээврийн газрын хэлтсийн дарга Валдемар Ласек, Хууль эрх зүйн газрын дарга Мария Мотковска, Хууль эрх зүйн газрын орлогч Катажина Маяхжак, Хууль эрх зүйн газрын хэлтсийн дарга Роберт Скжеч нарын бүрэлдэхүүнтэй иржээ.

Варшав хотын төлөөлөгчид айлчлалын хүрээнд Нийслэлийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа, “Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах төсөл”-тэй танилцах юм байна. Мөн Варшав хотын Тээврийн газрын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-т ирж туршлага солилцох хэлбэрээр хамтран ажиллах, Улаанбаатар хотын тээврийн мэргэжилтнүүдийг Варшав хотод урт, болон дунд хугацааны сургалтад хамруулах ажлуудыг айлчлалын үеэр шийдэх ажээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.