Хэдийгээр цуцлагдсан наймааны хэмжээ нь өсөж байгаа ч Хятад улс энэ оны эхний есөн сарын байдлаар Америкийг анх удаа гүйцэж, дэлхийн хамгийн том бизнес худалдан авагч болсныг Dealogic фирмийн тоо баримт харууллаа.
Эхний есөн сарын байдлаар Хятадын компаниудын хилийн чанадаас худалдаж авах бизнесийн хэлэлцээрийн дүн $173.9 тэрбум хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 68 хувь өссөн үзүүлэлт юм.
Үүнээс өмнө буюу 2008 оноос хойш АНУ жил бүрийн эхний есөн сарын худалдан авалтаар тэргүүлдэг байжээ.
Гэхдээ Хятадуудын ярьж байгаа наймаа бүхэн амжилттай болохгүй байна. Үүний цаана улс орнуудын үндэсний ашиг сонирхолтой холбоотой хориг тавигдаж Хятадуудад худалдахаас татгалзах явдал нэмэгдэж байгаа юм.
Ийм бүтэлгүй наймаагаар технологийн салбар тэргүүлж 10 компанийн $10.1 тэрбумын хэлэлцээр эхний есөн сард цуцлагдсан байна.
Тухайлбал Австралийн тал газар өмчлөл, онцгой үйлдвэрлэлийн салбараа зарахыг зөвшөөрөөгүй бол АНУ-ын эрх баригчид үндэсний аюулгүй байдлын үүднээс хориг тавьжээ.
Нийтдээ эхний есөн сард 601 бизнес худалдан авах хэлэлцээр идэвхтэй байгаа бол 2015 оны мөн үед энэ тоо 441 байсан гэнэ. Хэлэлцээрүүдийг $46.7 тэрбумын дүнтэй ChemChina компанийн Syngenta компанийг авах наймаа тэргүүлж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард зарлагдсан энэхүү наймаа нь Хятадын түүхэн дэх хамгийн том гадаад худалдан авалт болж байгаа юм.
Эхний есөн сард нийтдээ 42 компанийн $35.8 тэрбумын хэлэлцээр цуцлагдсан нь мөн түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Цуцлагдсан наймаануудыг Unisplendour компанийн Western Digital-ыг авах $3.8 тэрбумын хэлэлцээр, China Resources & Hua Capital компанийн чип үйлдвэрлэгч Fairchild Semiconductor-ийг авах $2.5 тэрбумын хэлэлцээр тэргүүлж байна. Дээрх хоёр нь технологийн салбарын компаниуд юм.
Эх сурвалж: South China Morning Post