Путин Америкийн дипломатчдыг хөөхөөс татгалзаж, Трамп түүнийг магтав

700

Пүрэв гарагт удахгүй ажлаа өгөх гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус улсад суугаа ОХУ-ын 35 дипломатчийг 72 цагийн дотор хөөж гаргах шийдвэр гаргасан. Ингэх болсон шалтгаан нь тэднийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн кибер халдлагад хамаатай гэж үзсэнийх байв.

Харин үүний хариуд ОХУ-ын гадаад хэргийн яам хариу арга хэмжээ авч, Америкийн 35 дипломатчийг мөн Оросоос гаргах саналыг ерөнхийлөгчдөө өргөн барьжээ.

Тэгвэл Владимир Путин ганц ч Америкийн дипломат ажилтныг ОХУ-аас гаргахгүй гэж Баасан гарагт мэдэгдсэн байна.

Путины мэдэгдэлд “Бид Америкийн дипломатуудад ямар ч асуудал үүсгэхгүй. Хэнийг ч хөөхгүй” гээд харин АНУ-ын дипломат ажилтнуудын хүүхдүүдийг Кремльд болох шинэ жилийн баярт урьжээ.

Путины энэ нүүдэл Обамагийн дайсагналыг тоолгүй өнгөрч, Дональд Трампын засаг захиргаанд найдвар тавьж буйн илрэл боллоо.

Путины мэдэгдлийн дараа Трамп твиттер хуудсандаа ОХУ-ын ерөнхийлөгчийг магтан “Маш зөв шийдвэр! Би түүнийг ухаалаг хүн гэдгийг үргэлж мэддэг байсан” гэжээ.

Путины мэдэгдэлд “Удахгүй солигдох АНУ-ын засаг захиргааныхан цаашдын Орос-Америкийн харилцааг муутгах дайсагнасан алхам хийх гэж оролдож байгааг бид мэдэж байна” гэсэн байна.

Тиймээс Америктай харилцах харилцааг Дональд Трампын багтай цааш үргэлжүүлэх бодолтойгоо дурджээ.

Мэдэгдлийнхээ төгсгөлд Обама, Трамп хоёрт хоёуланд нь шинэ жилийн мэндчилгээг Владимир Путин дэвшүүлсэн байна.

Албан тушаалаасаа буухаас хэдхэн хоногийн өмнө гаргасан Обамагийн шийдвэрийг Оростой харилцаагаа сайжруулах төлөвлөгөөтэй байгаа Трампын засаг захиргаанд зориуд хүндрэл үүсгэх зорилготой гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Саяхан Обама АНУ-Израйлийн харилцаанд бас сэв суулгах шийдвэрийг гаргасан нь Трампын засаг захиргааныханд үүнийг засах даалгавар болон үлдэж байна.

Эх сурвалж: South China Morning Post