Хойд Солонгосын удирдагч шинэ жилийн мэндчилгээндээ шинэ пуужин туршихаа амлав

566

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ удахгүй тив хоорондын баллистик пуужин туршихаа амлажээ. Телевизээр дамжуулсан мэндчилгээний үеэр “Хамгийн орчин үеийн зэвсэг хөгжүүлэх, судлах ажил идэвхтэй хэрэгжиж байгаа бөгөөд тив хоорондын баллистик пуужингийн туршилтын бэлтгэл сүүлийн шатандаа шилжлээ” гэж Ким Жон Ун мэдэгдсэн байна.

Тэрээр 2011 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш АНУ-ын баруун эрэг буюу Калифорни хүрэх чадвартай цөмийн пуужин хөгжүүлэхэд анхаарлаа хандуулсаар ирсэн юм. Түүний дурдсан тив хоорондын баллистик пуужин нь 5,500-10,000 км зайнд хүрэх чадвартай. Харин Калифорни нь Хойд Солонгосоос 9,000 орчим километр зайтай юм.

Ким Жон Уны мэдэгдэл Трампын засаг захиргааны эхний сорилт болж байна. Дональд Трамп сонгуулийн үеэр Кимийг “маньяк” хэмээн нэрлэж, түүнтэй шууд нүүр тулан ярилцах хүсэлтэйгээ илэрхийлж байсан юм.

Харин Хойд Солонгосын хэвлэлд Трампыг дэмжиж, түүнийг “ухаалаг улс төрч” хэмээн цоллож, Хиллари Клинтоноос илүү дээр нэр дэвшигч гэж үнэлж байв.

Ажиглагчид Ким Жон Уны мэдэгдэл Дональд Трампад эхнээс нь өөрсдийгөө цөмийн зэвсэгтэй улс гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх, цаашдын яриа хэлэлцээртээ хөшүүрэг болгон ашиглах зорилготой гэж үзэж байна.

Өмнөд Солонгосын Коньян Их сургуулийн стратеги судлаач, профессор Ким Тэ Ву “Хойд Солонгосын дэглэм Трампын засаг захиргаатай хийх яриа хэлэлцээрийнхээ хөшүүргийг үзүүлж байгаа нь энэ” гэж дүгнэжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Дональд Трамп тагнуулын байгууллагаас цөөн хэдэн нууц материал гаргуулж авсны нэг нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой байсан гэнэ.

Эх сурвалж: Bloomberg, Quartz