НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөл өчигдөр буюу Лхагва гарагт Португалийн ерөнхий сайд асан Антонио Гутерресийг НҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн байна.
Уг шийдвэрийг ОХУ-ын НҮБ дэхь суурин төлөөлөгч Виталий Чуркин танилцуулжээ. Албан ёсны санал хураалт өнөөдөр болж 66 настай Гутерресийг нэр дэвшигчээр батламжилна.
НҮБ-ын дүрвэгсдийн асуудлыг хариуцсан байгууллагын тэргүүнээр 10 жил ажилласан Антонио Гутеррес ирэх оны эхээр Бан Ги Мүүний халааг авахаар болж байна.
Португалд тавь орчим жил ноёрхсон диктаторын засаглалыг хувьсгалаар буулгасны дараа болсон 1976 оны анхны ардчилсан сонгуулиар Гутеррес улс төрийн амьдралаа эхэлж байжээ.
Тэр хурдтайгаар албан тушаал ахисаар 1992 онд Социалист намын дарга болж, 1995 онд Португалийн ерөнхий сайд болж байв.
2005-2015 онд НҮБ-ын дүрвэгсдийн байгууллагыг удирдахдаа Сири, Афганистан, Иракийн дүрвэгсдийн хямралтай нүүр тулж байсан юм. Гутеррес энэ хугацаанд Барууны орнуудыг дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулахыг удаа дараа уриалж байжээ.
ОХУ-ын НҮБ дэх суурин төлөөлөгч, НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийг даргалж байгаа Виталий Чуркин “бүх нэр дэвшигчид дэлхий ертөнцийн хувь заяанд санаа зовох зүрх сэтгэлтэй нь тодорхой ч бидний сонгох хүн бол гарцаагүй Антонио Гутеррес юм” гэж хэлсэн байна.
НҮБ анх удаа эмэгтэй тэргүүнтэй болно, мөн анх удаа Зүүн Европоос тодорно гэх мэтээр хүлээлттэй байсан бол ийнхүү шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Баруун Европоос тодрохоор боллоо.
НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн 15 гишүүн нууцаар санал хурааж 10 нэр дэвшигч тус бүрт саналаа өгсөн байна. Тэд нэр дэвшигч бүрт “дэмжинэ”, “дэмжихгүй”, “санал байхгүй” гэсэн гурван хариултаар сонголт хийх ёстой.
Ингэхэд Португалийн экс ерөнхий сайд 13 “дэмжинэ”, 2 “санал байхгүй” гэсэн санал авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Гутерресийг нэр дэвшүүлэх эсэхийг өнөөдөр эцэслэн батлаад НҮБ-ын ерөнхий ассамблейд нэрийг нь өргөн барина. 2017 оны нэгдүгээр сард Бан Ги Мүүний 10 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусах юм.
Эх сурвалж: BBC