УИХ-ын даргын захирамжийн дагуу нэгдсэн чуулганы хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагуудад хуралддаг. Харин энэ долоо хоногт зөвхөн өнөөдөр буюу аравдугаар сарын 6-ны Пүрэв гарагт дөрвөн асуудал хэлэлцэхээр товлогджээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 болон 10 дугаар дүгнэлтүүдийг хэлэлцэнэ.
Төрийн ордонд өчигдөр болсон АН-ын бүлгийн өргөтгөсөн хурлын мэдээллийн үеэр тус бүлгийн дарга С.Эрдэнэ “УИХ-ын чуулганыг маргааш хуралдуулаад завсарлуулах болж байна. Намрын чуулганы түр завсарлагааны хугацаа орон нутгийн сонгууль дуустал үргэлжлэх байх” хэмээсэн.
Энэ талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Энэ долоо хоногийн тухайд зөвхөн өнөөдөр чуулганы хуралдаантай. Хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Үүний дараа холбогдох Байнгын хороод, намын бүлгүүд тус бүрдээ төсвийн асуудлыг нягтлах учир ирэх долоо хоногт чуулган хуралдахгүй.
Харин орон нутгийн сонгууль өнгөртөл чуулганыг завсарлуулна гэдэг асуудал албан ёсоор яригдаагүй байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас эцсийн шийдвэрийг гаргана” гэлээ.
Дашрамд дурдахад орон нутгийн сонгуулийн санал авах хураалт аравдугаар сарын 19-нд болох юм.