АНУ-аас Филиппинд зэвсэг нийлүүлэхээс татгалзсаны төлөө тус улсын ерөнхийлөгч Дутерте өчигдөр Обамад “там руугаа тонил” гэж хэлсэн байна.
Тэрээр энэ үеэр “Би Америкаас сална” гэж хэлсэн нь яг ямар утгатай болох нь тодорхойгүй байгаа гэнэ.
Өчигдөр Манилад үг хэлэх үеэрээ Дутерте АНУ түүнд зэвсэг зарахаас татгалзсаныг дуулгаад, оронд нь Орос, Хятадтай наймаалцах болсноо зарлажээ.
Тэр “миний ариун үүрэг бол энэ орныг бүрэн бүтэн, хүн ардыг эсэн мэнд байлгах” гээд “Хэрвээ та нар зэвсэг нийлүүлэхгүй гэвэл би Оросуудтай ярина. Тэд хэрэгтэй бүхнийг тань нийлүүлэхэд бэлэн гэдгээ надад амласан” гэсэн байна. Мөн Хятадын тал ч хүссэн бүгдийг нийлүүлэхэд бэлэн гэдгээ түүнд илэрхийлсэн гэжээ.
Дутерте ийнхүү сарын дотор хоёр дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгч рүү хэл амаар дайрсан нь Орос, Хятадын геополитикийн гол өрсөлдөгч, өмнө нь удаан хугацаанд Филиппинийг колоничолж байсан Америкийн хувьд тааруу нөхцөл байдлыг үүсгээд байна.
АНУ-ын төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби энэ мэдэгдлийн дараа үг хэлэхдээ “Филиппин-Америк хүмүүсийн халуун дулаан харилцаа, хоёр орны засгийн газрын хамтын ажиллагааны түүхэнд сонин тохиолдол болж байгааг шулуухан хэлмээр байна” гэжээ.
Америкийн зарим албаны хүмүүсийн хэлж байгаагаар Вашингтон Дутертегийн найрсаг биш үг бүрийг тэвчин өнгөрөөж, аль болох харилцааг сэвтүүлэхгүй байхын тулд бүхнийг хийж байгаа гэнэ.
Хятадтай сөргөлдөөний нөхцөлд байгаа АНУ, тус бүс дэх гол холбоотон Филиппинийг алдахыг хүсэхгүй байгаа юм.
Эх сурвалж: South China Morning Post