Хичээлийн шинэ жил хаяанд ирсэн энэ үед Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлээд байна. Багш нарын цалинг нэмэгдүүлэх ямар боломж байгаа болон энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллахыг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатараас тодрууллаа.
-Цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан багш нарын асуудлаар яам ямар бодлого барьж байна вэ?
-Бид өнөөдөр салбарынхантайгаа уулзалт хийх үеэр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Багш нарын цалин төрийн үйлчилгээ, төрийн захиргааны албан хаагчдын шатлалын тогтолцоогоор бодогддог. Багш нарын цалин эмч, цагдаа нар зэрэг төрийн үйлчилгээний ажилчдынхтай харьцуулахад дундаж түвшиндээ л байгаа.
-Цалин нэмүүлэх талаар танай яамнаас Засгийн газарт асуудал оруулах уу?
-Асуудлыг яам дангаараа шийдвэрлэхгүй, Засгийн газарт асуудлаа оруулж таарна. Үүнтэй холбоотойгоор хоёр асуудал яригдана. Юуны өмнө ажил олгогч, Үйлдвэрчний эвлэл, яамны хамтарсан гурван талт гэрээг эргэн харах хэрэгтэй.
Мөн багш нарын цалин урамшуулал хууль журмын дагуу зөв бодогдож, багш нар зохих ёсны цалин урамшууллаа авч байгаа, эсэхийг хянах хэрэгтэй байгаа. Энэ талаар хариуцсан хүмүүст нь үүрэг чиглэл өгсөн. Багш нарын цалингийн төсөв орон нутгийн Засаг дарга нарын төсөвт шилждэг. Засаг дарга багш нарын цалин, урамшууллыг танасан асуудал жишээлбэл, Дархан-Уул аймагт гарсан. Үүн дээр хяналт тавьж ажиллана гэв.