Вашингтоны бодлогын үр дүнд АНУ-ын 750 гаруй дипломатч Оросоос явахаар болж байгаа тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Россия-1 сувагт ярьжээ.
“Ямар ч өдөөн хатгалга байхгүй байхад Америкийн тал Орос-Америкийн харилцааг муутгах алхам хийлээ. Үүнд Оростой харилцаагаа хадгалах, хамтрах сонирхолтой манай түншүүд, дэлхийн улс орнуудад нөлөөлөх оролдлого ч багтаж байна” хэмээн Путин Вашингтоны шинэ хоригийн талаар ярьсан байна.
Путин цааш нь хэлэхдээ “Бид байдал сайжрана гэдэгт найдаж, удаан хүлээсэн. Гэвч ойрын ирээдүйд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй нь харагдлаа. Тиймээс бид ямар ч зүйлийг чимээгүй өнгөрүүлдэггүй гэдгээ харуулах цаг болсон” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ-ын конгресс ОХУ, Хойд Солонгос, Ираны эсрэг авах шинэ хоригийн саналыг дэмжсэн юм. Үүний дараа ОХУ-ын гадаад хэргийн яам тус улс дахь АНУ-ын 455 дипломатчийг буцаах болсноо зарласан.
Есдүгээр сарын 1-н болоход Орос дахь Америк дипломатчдын тоо АНУ дахь Оросын дипломатчдын тоотой тэнцүү болох ёстой гэж тэд үзжээ. Одоогоор ОХУ дахь Америкийн дипломат албан хаагчдын тоо 1,200 гаруй болоод байгаа нь хэтэрхий олон болоод байгаа тухай тус яам мэдээлжээ.
Хэдийгээр Оросын эсрэг бодлого хэрэгжиж байгаа ч Москва-Вашингтоны хооронд хөндөгдөж болохгүй хэд хэдэн чухал асуудал, түүний дотор терроризмийн эсрэг тэмцэл, цөмийн зэвсгийг хязгаарлах амлалт, сансрын хамтын ажиллагаа зэрэг ажлууд байгааг Путин мөн сануулсан байна.
Путин бас ОХУ нь АНУ-аас илүү Европын Холбоо, Хятадтай өргөн хэмжээний худалдаа, эдийн засгийн харилцаатайг онцолжээ.
Тэр бас Вашингтонтой саяхан Сирид хамтран ажиллах тохиролцоонд хүрснийг дурдсан байна.
Путин “Гол нь бид олон салбарт хамтын ажиллагаатай. Мэдээж АНУ-ын талд хохиролтой байж болох зарим салбартаа бид хариу хориг тавьж болох юм. Гэхдээ бид ингэхгүй. Ингэснээр олон улсын харилцааны хөгжилд саад болно. Ийм үр дүнд хүрэхийг хүсэхгүй байна. Өнөөдөртөө би үүний эсрэг байгаа” хэмээн ярьжээ.