Өнгөрсөн Даваа гарагт Санкт Петрбург хотын метронд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 14 хүний амийг хөнөөн 40 гаруй хүнийг шархтуулсан юм.
Үүний дараа өөр нэг өртөөнөөс дэлбэрч амжаагүй бөмбөг илрүүлж аюулгүй болгожээ.
Халдлагыг үйлдсэн этгээд нь хэрэг явдлаас хоёрхон хоногийн өмнө 22 нас хүрээд байсан Узбек үндэстэн Акбаржон Жалилов байсныг тагнуулын алба илрүүлсэн байна. Жалилов Киргизийн өмнөд хэсэгт орших, Узбек үндэстнүүд голлон суудаг Ош хотоос ажил хийхээр Орост ирсэн хүн юм. Ош хотод Киргиз, Узбек үндэстний мөргөлдөөн үе үе гардаг. 2011 онд энэ хоёр үндэстний дунд гарсан томоохон мөргөлдөөний дүнд хэдэн зуун хүн алагдаж байжээ. Энэ явдлын дараа Жалилов ажил хийж амьдрахаар ОХУ-ыг зорьсон юм байна.
Үндэстэн хоорондын цуст мөргөлдөөнд Киргизэд цөөнх болдог Узбекууд голлон амиа алдаад зогсохгүй амжиргаа залгуулдаг аж ахуйг нь сүйтгэсэн учраас олон тооны Узбекууд Оросыг зорьцгоож байжээ.
Москвагийн тоо баримтаар бол 2016 оны эхээр ОХУ-д 500 мянга орчим Киргиз, 850 мянган Тажик, нэг сая орчим Узбек амьдарч байна.
Гэхдээ албан бус тоо үүнээс ч их гэдгийг Оросын албаныхан хүлээн зөвшөөрч байгаа юм. Цагаач ажилчдын амьдрах орчин нөхцөл муу, цалин бага байдаг. Тиймээс ийм иргэдийг Исламын хэт үзэлтнүүд ашиглах явдал нэмэгдэж байгаа.
Тэдний зарим нь Исламын улс бүлэглэлийн суртал нэвтрүүлэгт автаж Сири, Иракийг зорих нь бий. Ингэхдээ тэд Узбек үндэстнүүдийг голлон элсүүлдэг тухай тагнуулын мэдээлэл байгаа юм.
Одоо ОХУ, Киргизийн аюулгүй байдлын албаныхан Жалиловын эцэг, эхийг байцааж, чухам ямар шалтгаанаар амиа золиослогч болсныг шалгаж байгаа ажээ.
Эх сурвалж: RT