Өнөөдөр Вируст хепатиттай тэмцэх Дэлхийн өдөр. 2010 оны тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар, жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг “Вируст хепатиттай тэмцэх Дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Монгол Улс энэ жил долоо дахь удаагаа энэ өдрийг “Хепатитийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Вируст хепатитийн дэлхийн стратеги 2016-2021”-ийн хепатитийн вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулж байна.
Манай улс нь вируст хепатитийн тархалт өндөртэй улс орны нэг бөгөөд элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2017 онд батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр болон төрийн бус байгууллага, эмч өвчтөн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн чухал билээ.
ЭМЯ-наас ДЭМБ, ФАИР төрийн бус байгууллагатай хамтран Омбол ХХК, Монос Трейд, Монгол Эмимпекс Концерн зэрэг байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Вирус хепатитттай тэмцэх Дэлхийн өдөр-2017” нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр ЭМЯ, ДЭМБ-аас хепатитийн вирусын халдварын оношилгоо эмчилгээг хүн амд хүртээмжтэй тэгш хүргэхэд дэмжлэг үзүүлж байгаа Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Сангийн яам, Нийгмийн даатгалын Ерөнхий газар болон элэгний С вирусын халдварыг эмчлэх эмийг бүртгүүлэн, зах зээлд нэвтрүүлж, олон арван Монгол хүнд хэцүү өвчнөөс салж эдгэрэх боломжийг олгосон эм ханган нийлүүлэх байгууллагуудад талархал илэрхийллээ. Мөн хепатитийн вирусын халдвартай амьдарч байгаа иргэдийн санал бодлыг нэгтгэн, дуу хоолой нь болж байдаг өвчтөн нийгмийн төлөөлөл, иргэн бүрийг элэг бүтэн байлгахын төлөө бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд, төрийн ачаанаас үүрэлцэж, хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллагын хамт олон, эрүүл аж төрөх ёс, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, ялангуяа өвчний эрсдэлээс сэргийлэх чиглэлээр үнэн бодит мэдээллийг хүн амд түргэн шуурхай хүргэж, эрүүл мэндээ хамгаалахад уриалан, соён гэгээрүүлэх үүргийг гүйцэтгэн ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагууд, ажилтан ажиллагсдынхаа эрүүл мэндэд анхаарч, тэднийг эрүүл ажлын байранд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлдэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд талархал гардууллаа.