УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн байр суурийг нь сонирхлоо.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудалд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Уг асуудлаар би байр сууриа удаа дараа илэрхийлсээр ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол улсын нэг хувийн компани Засгийн газрын шийдвэрийг үндэслэж авсан. Эрдэнэт үйлдвэрийг авсан процесс нь өөрөө зөрчилтэй, тодорхойгүй, луйврын шинжтэй, хууль зөрчсөн харагдаж байгаа юм. Тиймээс үүнийг тодорхой болгож өгөөч ээ гэдэг асуудлыг удаа дараа намын бүлгүүдэд тавьсан. Үүний дараа Засгийн газраас ажлын хэсэг гаргаж ажилласан. Харин Засгийн газар ажлын хэсгийн дүгнэлтээ УИХ-д танилцуулаагүй байна. Ний, нуугүй хэлэхэд Засгийн газрын ажлын хэсэг шалгалтын дүнгээ танилцуулахаас зугтаж байна гэж харж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдаж, хулгайлж авсан хүмүүстэй Засгийн газрын ажлын хэсэг нэгдэж байна. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчнүүд шударга ёс тогтооно гэж УИХ-д суусан.
Түүнээс биш Ардчилсан нам, Ардын нам хоёр ээлжилж хулгай хийнэ гэж улс төрийн сонгуульд ороогүй. Засгийн газрын ажлын хэсэг дүнгээ танилцуулахгүй бол УИХ ажлын хэсэг байгуулаад уг асуудлыг нарийвчлан шалгах ёстой. Эцсийн цэгийг тавих ёстой. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад хулгай хийдэг 1990 оны арга хэлбэр байдаг. Яг тэр арга хэлбэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хулгай хийлээ. Үүнийг тодорхой болгох ёстой.
-Танай намыг эрх барьж байх үед Эрдэнэтийн 49 хувийг зарах шийдвэрийг гаргасан. Тухайн үед нь та уг асуудлаар байр, сууриа илэрхийлж болоогүй юм уу?
-Зургадугаар сарын 29-ний өдөр сонгуулийн өдрийг далимдуулж, Засгийн газрын гишүүн Б.Болор тэргүүтэй нөхдүүд ийм шийдвэр гаргасан байна лээ. Сонгууль болж байсан учраас ийм шийдвэр гарсаныг ч мэдээгүй. Ардын намын нөхдүүдэд хандаж би “Тэрний нам, энэний нам гэх шаардлагагүй. Хүний өөрийн гэлтгүй хулгайтай тэмц” гэж хэлсэн. Хулгайч, хулгай хийдэг нөхдүүд аль, аль нь байгаа байх. Тэднийг ялгаварлалгүй тэмцэх хэрэгтэй.
-Эрдэнэтийн 49 хувийг хоёр нам дамжсан бүлэглэл зарсан байж магадгүй гэх хардлага байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Монгол улсын өмчийг хоёр намын хэдхэн хүн нийлж байгаад хулгай хийдэг болоод 10 гаруй жил болж байна. Нэр усаар нь ч хэлж чадна. Манай намаас Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс байдаг. Мөн Ардын намаас ордог хэд, хэдэн хүн байдаг. Энэ хүмүүс ичих хэрэгтэй. Монголын ард түмний өмчийг хамтарч 20 гаруй жил хулгайллаа. Одоо болих хэрэгтэй. Тэдний үр хүүхдүүд энэ улсад амьдарна шүү дээ. Монголын залуучууд уурлаж байна. Энэ улсад үргэлж хулгай гараад байвал хувьсгал хийгдэнэ шүү дээ. Дандаа л хулгайн замаар асуудлыг шийднэ гэж бодож байвал том андуурал. Ардын нам хариуцлагаа хүлээж чадахгүй бол би ч бас тэсэхгүй. Хулгайчдыг Монгол төрөөс зайлуулах дараагийн алхамаа хийх л болно. Өөр арга байхгүй.
-Засгийн газар байгуулагдсаны 100 хоног болох гэж байна. Энэ хугацаанд Засгийн газар хэрхэн ажилласан бодож байна вэ?
-Засгийн газрыг 100 хоногт ажиллах хугацаанд бид их тэвчээртэй ажиглаж байсан. Аливаа Засгийн газар 100 хоногийн хүрээнд бодлогоо гаргаж, зоримог алхам хийдэг уламжлалтай. Харамсалтай нь энэ Засгийн газар олигтой ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна. Өмнөх Засгийн газрын хулгайг үргэлжлүүлнэ гээд Ерөнхий сайд нь ярьж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх, газрын дарга Ж.Мөнхбат өмнөх Засгийн газрынхаа зарим хулгайг нуугаад явж байна. Ийм байж болохгүй залуучуудаа. Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат гэсэн сайхан залуус гарч ирээд шударга бус зүйлтэй тэмцэх болов уу гэж горьдож байсан. Чадахгүй юм байна. Эхнээсээ буугаад өгчихлөө энэ нөхдүүд чинь. Оффшортой тэмцэнэ гэсэн яасан бэ. Оффшорын хуулийг батална гэсэн ч өнөөдөр яриагүй л байна. Яагаад Эрдэнэтийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулахгүй байгаа юм. Ерөнхий сайд нь өнгөрсөн долоо хоногт Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид зарсаныг зөвтгөсөн маягтай юм ярьсан байна лээ. Тийм юм байхгүй шүү Ерөнхий сайд аа. Хулгайг хамгаалж эхэлбэл өөрийг чинь зайлуулах асуудлыг хөндөнө.
Ж.ГАНАА