УИХ-ын намрын ээлжит чуулганаар ирэх онуудын төсвийн хүрээний мэдэгдэл болоод эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл болоод холбогдох төслүүдэд гаднын хөрөнгө оруулалт, төслүүдийг дэмжиж ажиллахаар тусгасан. Ер нь ямар хэлбэрээр дэмжих нь оновчтой гэж харж байна?
-Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг татах талаар нэлээд анхаарал хандуулж, бодлоготой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа, үйлдвэрлэлийн чиглэлийн хөрөнгө оруулалт оруулж ирэх шаардлагатай. Үүний тулд ямар дэмжлэг, хэрхэн үзүүлэхээ тодорхой болгох ёстой юм.
Тухайлбал, манайд компьютер угсаръя гээд ирвэл Монголын аж үйлдвэрийн салбарт том ахиц болно. Гэтэл өнөөгийн манай хуульд яаж дэмжлэг үзүүлэх талаар огт тусгаагүй байдаг. Бид дэмжинэ гэдэг гоё үгтэй болохоос дэмжих тодорхой арга хэмжээнүүд нь хуульд тусгагдаагүй.
Уул уурхайн салбарын хувьд өөр. Уул уурхайн нөөц тэр бүр олон оронд байдаггүй учраас нөөцөө дагаад хөрөнгө оруулагчид өөрсдөө орж ирдэг. Бидний зүгээс эсрэг үйлдэл хийж, айлгахгүй л байх ёстой.
Барууны орнуудад хэдэн зуун жилийн түүхтэй үйл ажиллагаа эрхэлж ирсэн аж ахуйн нэгжүүдийн хувьд Монголд анх удаагаа орж ирэх гэж байгаа нөхцөлд эхний ээлжид дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй. Бид өмнө нь хөрөнгө оруулагчдыг айлгаад гаргасан. Ийм тохиолдолд тэд дахиад тийм ч амар орж ирэхгүй.
-Та тодорхой бодлого дутагдаж байгааг хэлж байна. Бодлогын ямар зохицуулалт хийх хэрэгтэй юм бол?
-Төсвийн сахилга бат, шилэн данс, ил тод байдал хэрэгтэй. Хамгийн гол нь 1990-ээд оных шиг бодлогыг явуулах ёстой. 1990-ээд онд одоогийнхоос хүнд хямрал нүүрлэж байсан. Харин тухайн үед өнөөдрийнхөөс хамаагүй цомхон төрийн бүтэцтэйгээр хямралаас гарч байсан түүх бий.
Хямралаас гарахын тулд одоогийн данхайсан төрийн тогтолцоотойгоор гарна гэж байгаа бол дахиад хямралд орохын цондон. Учир нь хямрал руу хөтөлж орсон гол зүйл бол Монголын аж ахуйн нэгж биш төрийн улстөржилт, хийрхэл, талцал, хуваагдал, өмчөө булаацалдсан асуудал байсан.
Төрийг бизнес, аж ахуйн нэгжүүдээс тодорхой хэмжээгээр холдуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, төрийг өөрийг нь зохицуулах үйл ажиллагаатай цомхон болгож өгөх хэрэгтэй. Мэдээж төр тодорхой хугацаанд аж ахуйн нэгжүүдэд чиглэл өгч, дэмжлэг үзүүлж ажиллаж болно. Тухайлбал, 2-3 жилд татвар нэмэхгүй.
Хөнгөлөлттэй зээл, тусламжийг бодлогоор дэмжинэ гэсэн үг. 1990-ээд онд төр өөрөө өөрийгөө авч явдаг байсан. Харин тэр хооронд бизнесүүдээ хөл дээрээ хурдан босгоод ир гэдэг бодлого баримталдаг байв. Нэгэнт бид хямралын нөхцөл байдал байна. Хямралын ард зөв төрийн тогтолцоотой байгаа тохиолдолд гарч чадна.
-Хүнд байдлаас гарахын тулд хэмнэлтийн горимд орох тухай хаа сайгүй ярьсан. Гэхдээ хэмнэлт хийж эхэлсэн зүйл хараахан харагдахгүй байсаар хэдэн сарын нүүр үзэж байна шүү дээ?
-Хэмнэлт хийх тухай ярьсаар байгаад тодорхой шийдэлд хүрээгүй. Төрийн байгууллагуудын орон тоог цомхотгосонгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулсангүй. Ямар ч зардлаа бууруулахгүй байсаар хямралын ард гарна гэж байх шиг байна. Наад зах нь УИХ өөрөөсөө үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй.
Үнэхээр байдал хэцүү байгаа бол өөрийнхөө зардлыг танаж эхэл. Монголын эдийн засгийн хямралыг өдөөхөд голлох үүрэг гүйцэтгэсэн зүйл бол УИХ доторх том хагарал, хэрүүл, талцал юм. Хэмнэлт хийхээр ярьж байснаа нэг их хэмнэлт гарахааргүй юм байна гээд больсон.
Их, багадаа гол нь биш хэн нэгэн хариуцлага хүлээдэг байх ёстой. Одоогийн УИХ-д байгаа хүмүүс хариуцлага хүлээх шийдвэр гаргалцаагүй байж болно. Гэхдээ УИХ хэвээрээ байгаа. Өмнө нь байсан. Одоо ч байна. Тиймээс УИХ өөрөө хариуцлагаа хүлээж, манлайлал болох хэрэгтэй.
УИХ эхлээд санаачилга гаргах нь манлайллын илэрхийлэл юм. Нөгөө талаасаа нийгэмд хэн нэгэн хариуцлага хүлээж байна гэдгээ харуулж байгаа гэсэн үг. Хэмнэлтээ 2017 эсвэл 2018 он гэх байдлаар тодорхой хугацаатай хэрэгжүүлж болно. Түүнээс хэмнэлт хийчихээд мартах тухай асуудал биш юм.
Эдийн засаг эрүүлжээд эхэлбэл зарим зардлаа нэмж болно. Гэхдээ одоо биш. УИХ хэмнэлтийг өөрөөсөө эхлэх юм бол олон газарт хэмнэлтийн бодлого автоматаар хэрэгжинэ. Өөрөөсөө эхлээгүй байж бусдаас хэмнэ гэж шаардах нь бүтэхгүй асуудал.
Ийм тохиолдолд төр хэзээ ч цомхон болохгүй. Монгол төр цомхон байсан. Цомхон байхдаа цэвэрхэн, оновчтой байсан. Ийм төрийн бүтэцтэй байх үед би өөрөө ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна.
-Засгийн газар удахгүй ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах тухай ярьж байна. Энэ нь хэр оновчтой бодлого болох вэ?
-Тооцоо судалгаагаа сайн хийх хэрэгтэй. “Стэнд бай” хөтөлбөрөөс айгаад байх хэрэггүй. 1990-ээд оны үед Дэлхийн банк, ОУВС-тай хамтарч ажиллаж байхад төсөв сахилга баттай байсан.
Төсөв нь эмх цэгцтэй, төрийн байгууллагууд даруухан байсан. Бид гаднынхантай ямар нэг байдлаар хамтарч ажиллахгүй болж ирэхээрээ мөнгийг өөрсдийн дураар хэрэгтэй, хэрэггүй зүйлдээ улстөржсөн зорилгоор зарцуулж эхэлсэн. Энэ бол бодит үнэн.