Залуучуудын шигшээ өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

622

Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монгол улсын залуучуудын шигшээ баг өнөөдөр 20:00 цагт тэмцээний эхний тоглолтоо Тайландтай хийнэ. Зохион байгуулагч орны баг “H хэсэг”-ийн хамгийн хүчирхэг багаар зүй ёсоор нэрлэгдэж байгаа ч хэвлэлийн бага хурал дээр Майклл Вайсс болон М.Төгөлдөр нар эмээхгүй байгаагаа илэрхийллээ.

Монгол улсын залуучуудын шигшээ баг тэмцээний өмнө БНСУ-ын Мокпо олон улсын хөлбөмбөгийн төвд 12 хоногийн бэлтгэл хийсэн. Тус бэлтгэл төдийгүй тэмцээнд оролцох бүхий л нөхцөл бололцоогоор хангасан МХБХ-нд Герман дасгалжуулагч Майклл Вайсс тусгайлан талархал илэрхийлэв. Тэмцээний “H хэсэг”-т багтсан Тайланд, Индонези, Малайз гэсэн улсуудаас манай баг хамгийн залуу бүрэлдэхүүнтэй нь юм. Тайландаас гадна Испаний алдарт “Реал мадрид”, “Барселона” клубүүдэд тоглож явсан Луиз Мияагаар удирдуулсан Индонезийн шигшээ баг хүчтэй өрсөлдөөн үзүүлэх нь дамжиггүй. Манай баг 21-ны 17:00 цагт Индонез, 23-ны 17:00 цагт Малайзтай тоглох хуваарьтай байгаа.