Байгалийн цогцолборт газар хогондоо дарагдаж, жуулчид болон аялагчдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна орчны доройтол үүсгэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарыг дуудаж уулзлаа. Уг уузалтад орон нутгаас хүрэлцэн ирсэн тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нараас гадна БОАЖЯ-ын газар, хэлтсийн дарга нар оролцсон. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь тусгай хамгаалалттай газарт ариун цэврийн байгууламж, хогийн цэг байхгүй байгаагаас болж ил задгай бие засаж байгаа байдал болон хог хаягдлын асуудлыг хэрхэх байлаа.
Д.Оюунхорол сайдыг асуудал танилцуулсны дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын дарга нар өөрсдийн саналыг хэлсэн юм. Тухайлбал: Хөгнө тарнийн тусгай хамгаалалттай захиргааны газрын дарга Д.Эрдэнэчимэг: Байгалийн цогцолборт газраар нэвтэрч байгаа иргэдээс авах хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Гэсэн атлаа бид орон нутгийн төсвөөс санхүүжилт олж авах гээд чаддаггүй. Манай захиргааны хувьд өнгөрсөн 2 жилд тус бүр нь 3 сая төгрөгийг л орон нутгийн төсвөөс гаргуулсан. Тиймээс байгалийн цогцолборт газраар нэвртэх хураамжийг нэмэгдүүлж, тусгай хамгаалалтын захиргаад нь тодорхой хэмжээний төсөв авдаг баймаар байна. Тэгвэл бид ариун цэврийн байгууламж, хогийн цэг барих санхүүжилттэй болно. Олсон мөнгөөрөө орон нутгийн төсөв бүрдүүлж байхад Засаг захиргаанаас асуудлыг шийдэхэд туслахгүй байна. Үүнээс нь болоод салбарын яам болон энэ асуудлыг хариуцсан хүмүүс л муу хэлэгдэж байна. Иргэд үүнийг ойлгохгүй байгаа нь харамсалтай хэмээсэн.
Д.Эрдэнэчимэг даргын саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нар дэмжиж байсан бөгөөд одоогийн байдлаар 1 хүнээс 300 төгрөгийн хураамж авдгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Орлогоороо орон нутгийн төсөв бүрдүүлдэг асуудлыг халах ёстой гэдэг дээр байр суурь нэгдэж байлаа. Тухайлбал, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрынхан гадны жуулчдаас 18 мянган төгрөг, дотоодын аялагчдаас 5000 төгрөгийн хураамж авдаг. Үүнд нь гомдолдоггүй, харин ч байгалийн цогцолборт газрыг үзэхээр орж байгаа хүмүүс сэтгэл хангалуун байдаг талаар тус газрын захиргааны дарга хэлж байсан юм. Хураамж нэмэгдүүлэх асуудлыг дагаад үйлчилгээ дагаж сайжирдаг зарчмаар ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, энэ асуудлыг тусгасан цөөхөн зүйл заалт бүхий хуулийн төсөл боловсруулахад санал нэгдсэн юм.
Д.Оюунхорол сайд тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарт орон нутгийн засаг захиргаад, цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газруудтайгаа нягт хамтарч ажиллахыг үүрэг болгоод ойрын хугацаанд УИХ-д хуулийн төслийг өргөн барьж, хураамжийн мөнгөнөөс бүрдүүлсэн тодорхой төсвийг хамгаалалтын захиргаад зарцуулах эрх олгох асуудлыг хөндөхөө мэдэгдлээ.