УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын тал худалдан авсантай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх байв.
Гэсэн ч хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авснаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов. Ийнхүү завсарлага авах болсон шалтгаанаа тус бүлгийн дарга С.Эрдэнэ “Ажлын хэсгийн дүгнэлт Байнгын хорооны гишүүдэд гурав хоногийн өмнө ирсэн байх ёстой. Гэвч одоо л дүгнэлтийг авч байна. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хугацаа өгнө үү” гэсэн юм.
Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулан байгуулсан билээ.
Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцана уу,
Уг дүгнэлтэд:
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр нь хууль бус. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхэд халдсан учир Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож, тус үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын үйлдвэрийн статусаар ажиллуулах… гэсэн санал дүгнэлтийг ажлын хэсэг гаргажээ.
Уг ажлын хэсэг дүгнэлтээ гаргаснаар “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг шилжүүлэх эсэх асуудал хөндөгдөх юм
.