Муу засгийн балаг мянган үед арилахгүй

516

rrz69b5ziu

Монгол Улс социализмын гэгдэх 70 жилд нийтдээ 10 тэрбум шилжих рублийн өр хуримтлуулсан. Энэхүү өрийг их өр гэж нэрлэж байсан бөгөөд үүгээр ямар бүтээн байгуулалт хийгдсэнийг хүн бүр мэддэг. Асар их бүтээн байгуулалт, хот суурин, зам барилга, эмнэлэг сургууль, дэд бүтэц барьж босгож чадсан. Уг өрийг бид үнэндээ төлж чадахааргүй байсан. Харин их өрийг тэглэх бодлого биеллээ олсноор монголчууд тухайн мөнгөөр босгосон олон хот, хороолол, эмнэлэг сургуультай үлдсэн.
Гэтэл их өрийг тэглэснээс хойшхи 10 жилд хүрэхгүй хугацаанд 21 тэрбум долларын өрийг дахин үүсгэлээ. Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого зөвхөн өр зээлийн бодлого байсан гэхэд хилсдэхгүй. Үүний үр дүнд яг л Грекийн замналаар орлоо гэж ажиглагчид дүгнэж байсан нь өнөөдөр бодит биеллээ олоод байна. Гэвч Грек манай улсыг бодвол дулаан орон. Аялал жуулчлал, олив, усан үзмийн тариалан хөгжсөн орлого өндөртэй газар.
Харин Монгол Улсын тухайд байдал арай илүү ноцтой.
Бид өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнээрээ урд хөршөөс 86 хувь хараат. Бензин, нефть зэрэг стратегийн бүтээгдэхүүнээрээ хойт хөршөөсөө 96 хувь хараат.  Мөнгө санхүүгийн хувьд гадаад валют буюу америк доллар, юаниас 100 хувь хамааралтай. Ийм эдийн засгийн бүтэцтэй орон өрөнд идэгдэх нь өөрийн хүч, нөөц бололцоогоор түүнийг гэтлэн давах тухай ярихад тун хүндрэлтэй юм. Тийм ч учраас эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбон харанга дэлдээд буй хэрэг.
Үндэсний үйлдвэрлэл, ялангуяа боловсруулах үйлдвэрлэл нэн сул хөгжсөн, экспортынх нь бараг 90 хувь нь түүхий эд, эсрэгээрээ импортынх нь 90 гаруй хувь эцсийн бүтээгдэхүүн болж, бусад орны эдийн засгийн хавсарга буюу өөрийгөө шавхаж бусдыг тэжээдэг маш эмзэг колонийн шахуу эдийн засагтай болж хувирсан байна, манай улс.
Тийм байтал улс орноо өрнөөс гаргана гэж амалж гарч ирсэн МАН улсын өрийг дахин нэмэгдүүлэхээс аргагүй гэж ярьж эхэллээ. Тэд өмнөх АН-аас өр зээл тавих санаархлаараа ялгарахгүй нь бололтой. Өөрөөр хэлбэл, АН-ын тавьсан өрийг МАН-ын тавьсан өрөөр дарна. Үр дүнд нь Монгол Улс хоёр намын өр зээлийн бодлогын хөлд үрэгдэж, өрийн дарамтад орох нь тодорхой болов.
Гагцхүү өрийн менежмент буюу өр тавьж авсан мөнгөө хэрхэн зарцуулахаараа л хоёр нам ялгарах байх гэж найдах л үлдээд байна.
Өнгөрсөн дөрвөн жилд тавьсан үлэмж их хэмжээний өрөөрөө АН  авто зам тавихаас хэтрээгүй. Өрөө буцаан төлөх ямар ч үйлдвэрлэл, мега төсөлд хөрөнгө оруулаагүй нь АН-ын том алдаа болсон. Тэгвэл МАН өр тавьж олж ирэх мөнгөө юунд зарцуулах вэ. АН-ын бий болгосон өрийг дарахад л зарцуулаад таарвал маш харамсалтай хэрэг болно. Гэтэл сангийн сайдын хэлснээр “Өрийг өрөөр л төлөхөөс өөр гарц байхгүй” ийм нөхцөл байдалтай тулгарчээ. Муу засгийн балаг мянган үедээ арилахгүй гэдэг л энэ болж таарах нь.

Д.Ирээдүй
Breakingnews.mn