Эдийн засагчид “Чалкогийн өр барагдсан цагт нүүрсний үнийг чөлөөлөх боломж нээгдэнэ” хэмээж байсан юм. Тэгвэл өдгөө тэр боломж нь нээгдэх нь ээ. Харин “Чалко”-гийн өрийг 100 хувь барагдуулж, нүүрсний үнэ чөлөөлөгдөж байгаа энэ үед том Тавантолгойг хөдөлгөж эхэлбэл эдийн засагт асар дэмтэй баймаар. Уг нь Засгийн газар энэ асуудлыг 2016 оны сүүлчээр ярьж, 2017 он гарангуут л том Тавантолгойг хөдөлгөнө гэж байсан ч өнөөг хүртэл нам гүм байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр “Ц.Дашдорж сайдаар ахлуулсан ажлын хэсэг Шинхуа группийн удирдлагуудтай уулзсан өдрийнхөө орой Тавантолгойн төсөлд оролцож байгаа, оролцох үндэсний компаниудынхаа төлөөлөлтэй уулзсан. Уулзалтаар Монголын компаниуд Тавантолгойн төсөл дээр нэгдсэн нэг саналтай-нэг баг болж явах саналаа нэгтгээд Засгийн газрын ажлын хэсэгтэй дахин уулзахаар тохирсон.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, цаг алдахгүйн тулд өмнөх тендерийн ялагч нартай өмнөх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал солилцохыг ажлын хэсэгт үүрэг болгосон юм. Үүнийгээ захирамжийнхаа удирдамжид ч тодорхой заасан байгаа. Өмнөх гэрээ гэхээр тэнд нь “ММС” ч, “Сүмитомо” нь ч байгаа гэсэн үг. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас шинээр өгсөн удирдамжийг энгийнээр товчхон илэрхийлбэл, “Тавантолгойн төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой”-н оролцоог зохистой төвшинд хангах,
Таван Толгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компанийн 51 хувьд Монголын тал буюу төрийн өмчит МТЗ компанийг оролцуулах, Төсөл хэрэгжүүлэгчид нь олборлосон нүүрсээ Монгол Улсад боловсруулсны дараа л экспортлох. Үүний тулд Монгол Улсад одоо байгаа угаах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр баяжуулах үйлдвэр барих,
Төслийн хэрэгжүүлэгч, оператор компанид, төмөр зам болон ханган нийлүүлэлтэд зэрэг төслийн бүх шатанд Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамгийн боломжит дээд төвшинд хангаж оролцуулахыг Ажлын хэсэгт удирдамж болгон захирамжилсан юм” хэмээн мэдээлснээс хойш даруй гурван сарын хугацаа өнгөрөөд байгаа юм.
Уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн “MCS” группийн “Энержи ресурс” ХХК, “Чайна Шинхуа энержи” компани, “Сумитомо” корпорацитай өнгөрсөн хэлэлцээ хийж эхэлсэн. Энэ хэлэлцээ нь гэрээний нөхцөлийг сайжруулж, санал, дүгнэлт боловсруулах зорилготой гэж Засгийн газраас мэдэгдсэн. Тухайн үед том Тавантолгойн асуудлыг 2016 ондоо багтааж шийдэх хэрэгтэйг ажиглагчид хэлж байсан юи.
Гэсэн ч энэ асуудал өнөөг хүртэл гацсан хэвээр л байна. Ямартай ч “Чалко”-гийн өрийг төлж дуусгасан сайхан мэдээний араас “Том Тавантолгойг хөдөлгөлөө” гэсэн сайн мэдээг ч олон нийт хүлээж байгааг эрх баригчдад дуулгая.
Эх сурвалж: www.info.mn