Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮЭ-ийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, эдийн засгийн хүндрэлийг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүйгээр давж болох ямар гарц, боломж байгааг хамтдаа эрэлхийлж, Засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн МҮЭ-ийн гишүүн 36 байгууллагаас гаргасан саналын дагуу нийгмийн түншлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд хийж болох долоон багц саналыг Ерөнхий сайдад гардууллаа.
Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, эдийн засгаа сэргээх, хүндрэлийг давах нь иргэдээ ажилтай байлгахаас эхэлнэ гэдгийг онцлов. Иймд ажлын байраар хангах, ажлын байрыг нь хадгалах замаар иргэдийнхээ мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухайгаа танилцуулав. Түүнчлэн уулзалтад ирсэн МҮЭ-ийн холбоодын төлөөлөл тус бүрийн саналыг сонсч тодорхой хариулт өгөв. Тухайлбал:
-Цалин нэмэх эсэх тухайд:
-2017 онд цалин, тэтгэврийг нэмэх бодит боломж байхгүй. Өнөөдөр Монгол Улс цалинд 1.7 их наяд, тэтгэвэрт 2 их наяд төгрөг зарцуулдаг. Гэтэл өр, зээлийн зөвхөн хүүгийн төлбөртөө 1.4 их наяд төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, бид бодлого, тооцоогүй авсан өр, зээлийнхээ зөвхөн хүүнд бараг цалингийн сантайгаа тэнцэх мөнгө төлж байна. Тийм учраас Засгийн газар эхний ээлжинд өр, зээлийн өндөр хүүгийн дарамтаас гарах арга замыг эрэлхийлж байна. Удахгүй тодорхой шийдвэрүүд гаргана. Ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор төрийн болон төсвийн байгууллагуудад нэг боломж олгож байгаа. 2017 онд хэмнэгдсэн зардлыг нь, бас давсан орлогыг нь тухайн байгууллагад үлдээж байгаа. Үүнийгээ зөвхөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орлогыг нэмэгдүүлэхэд зориулах хатуу болзолтой. Ингэхдээ ажилчдын цалин хасах, орон тооо цомхотгох байдлаар орлогоо хэмнэхийг хориглож байгаа. Харин эдийн засгийг тогворжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлснээр 2018 оноос цалин, тэтгэврийг нэмэх бололцоо гарч ирнэ гэж Засгийн газар тооцож байгаа.
-Тэтгэвэрт гарахад олгодог нэмэгдлийн тухайд:
-Хамгийн товчоор хэлэхэд он гараад, 2017 оноос тэтгэвэрт гарвал нэмэгдлийг урьдын адил 36 сараар тоцож өгнө. Тийм учраас байгууллагууд он гартал аль болох тэтгэвэрт гаргахгүй байх хэрэгтэй.
-Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын тухайд:
-Үйлдвэрийн 49 хувь нь Монголдоо, монголчуудын мэдэлд ирсэн нь сайн хэрэг. Харин хувьчлалын явцад хуулийн зөрчил байгаа эсэхийг Ажлын хэсэг шалгаж байгаа. Удахгүй олон нийтэд танилцуулж, шат шатандаа яригдах байх. Гэхдээ 49 хувь бол компанийн удирдлага биш. Тийм учраас төр 51 хувийн эрх мэдэлдээ эзэн болж удахгүй ТУЗ-өө томилж, удирдлагын эрхээ хэрэгжүүлнэ. Тэгэхээр жирийн ажилчдын эрх ашгийг хохироосон үйлдэл гарахгүй. Үйлдвэрийн 15 хувийг тус үйлдвэрийн ажилчид давуу эрхээр эзэмшинэ гэдэгтэй би санал нийлэхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ашгийг монгол хүн бүр хүртэх ёстой. Тийм учраас цаашдаа “Эрдэнэс Монгол” компани төрийг төлөөлж стратегийн орд бүхий компаниудын хувьцааг эзэмшинэ, харин монгол хүн бүр “Эрдэнэс Монгол” компанийн хувьцаанаас эзэмших байдлаар явна.
-Цагийн тооллыг ухраах, урагшлуулах тухайд:
-Цагийн тооллыг хөдөлгөснөөр хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц төвшинд дээшилнэ гэдэгтэй би санал нийлдэггүй. Цаг урагшлууллаа гээд өглөө эрт босоод явж байгаа нь голдуу сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, төрийн албаныхан, тэгээд үйлдвэрийн ээлжийн ажилчид л байх. Жилд хоёр удаа хүний биологийн цагт ингэж өөрчлөлт орохоор эрүүл мэндэд ч сайнгүй. Үүнээс гадна манай хоёр хөрш маань огт цагаа хөдөлгөдөггүй, гэтэл манайх хөдөлгөснөөс гадаад харилцаан дээр хүртэл ажлын цагийн тогтсон хэвшил алдагддаг. Одоо бол яг таарч байгаа. Манай улс цагийн нэг л бүстэй зэрэг энэ мэт байдлаа харвал цагийн тооллыг урагшлуулж хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар эргэж харах хэрэгтэй гэж би хувьдаа үзэж байгаа.
-Цахилгаан станцуудын хувьчлалын тухайд:
-Өнөөдөр техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийчихсэн эрчим хүний чиглэлийн 68 төсөл байна. Хэрвээ бүгдийг нь хэрэгжүүлье гэвэл Монгол Улс хэрэглээнээсээ 20 дахин давсан эрчим хүч үйлдвэрлэнэ. Ийм замбараагүй, өмнөх ажлаа дуусгаагүй байж дараагийнхыг нь эхлэх замаар цаасан дээр “ажил хийх”-ээ болих хэрэгтэй. Тийм учраас эрчим хүчний салбарын болон цахилгаан станцыг хувьчлал болохгүй гэх зэргээр Ерөнхий сайд хариуллаа. Уулзалтын төгсгөлд МҮЭ-ийн холбоодын төлөөллийн тавьсан зарим саналыг ажил хэрэг болгох, арга хэмжээ авах чиглэлээр ажиллахыг холбогдох сайд нар даалгалаа гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn