Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг баривчилсан талаар эх сурвалжууд мэдээлээд байна. Тодруулбал, АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэнд үлэмж их хэмжээний хохирол учруулсан, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуй нэгжийн өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсэн учраас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2, 265 дугаар зүйлийн 2, 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж байгаа ажээ.
Өнгөрсөн жил түүнийг баривчлахдаа батлан даалтад гаргаж байсан удаатай. Тэгвэл батлан даалтад байсан Г.Дэнзэнг дахин саатуулах болсон үндэслэл нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, оргон зайлахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ. Тэгвэл хүргэн гэгдэх Г.Дэнзэнгийн талаарх мэдээллийг хронологиор хүргэж байна.
2012.01.07
“Нэг сая төгрөгийн дүрмийн сан бүхий “Говь Повер” ХХК-ийг Г.Уянга, Д.Баярхүү нар шилжүүлэн авсан.
2012.10.11
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Дэнзэнг томилов.
2012. 10.11
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэн 2012 оны цалин гэж өөртөө 16000 ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан.
2012.12.25
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн 36 тоот шийдвэрээр Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэх шийдвэрийг гаргасан.
2012.12.29
“Эрдэнэс Таван толгой” ХК “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” хаалттай тендерийг амралтын өдөр зарлав.
2013.01.16
Уянга гэдэг хүний үүсгэн байгуулсан “Говь повер” компани “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын тендерт ялсан.
2013.04 сард
Г.Дэнзэнгийн эхнэр Гэрэлхүүгийн Уянга нь Чулуунбаатарын Уянга болж солигдов.
2013.06.06
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөхийг шаардав.
2013.06.28
АТГ-аас Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорт гаргав.
2013.11.15
“Говь повер” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 7.4 тэрбум төгрөг нэхэмжилж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан.
2013.11.19
“Говь повер” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК хоорондоо эвлэрч “Говь повер” ХХК-д 4.8 тэрбум төгрөгийг олгохоор болсон.
Тодруулбал:
2013.11.28-нд 1.2 сая,
2013.12.13-нд 100.0. сая,
2013.12.27-нд 600.0 сая,
2014.01.03-нд 2.0 сая,
2014.01.16-нд дөрвөн удаагийн шилжүүлгээр 788.5 сая төгрөг, нийт 4.688.5 сая төгрөгийг төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргуулан авчээ.
2014.05.14
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдав” гэх мэдээллүүд хэвлэлээр бичигдэж байв.
Г.Дэнзэнг өмнө нь АТГ Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2 болон 150 дугаар зүйл, 150.3-д заасан гэмт хэрэгт сэжиглэн, цагдан хорьж байсан удаатай.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл ангид төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, 150.3-д зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр түүнийг буруутган, шалгаж байсан юм. Тэгвэл энэ хэрэг дахин сөхөгдөж эхэлсэн нь энэ. Ямартай ч энэ хэрэг зхэзээ шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байна.