-НЭГ ИРГЭНИЙ ТӨЛӨӨ БҮХ НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БОЛОХ УУ-
Хотын өмнөх дарга Э.Бат-Үүл нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль цэцэрлэг, эмнэлгийн орчмын газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгохыг 2012 онд захирамж гарган мэдэгдэж байв. Шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байсан өнгөрсөн онд ч Хотын шинэ дарга С.Батболд иргэдийн талд гэдгээ мэдэгдэн, нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл олгохгүйгээ зарласан.
Тэгвэл эрхэм Э.Бат-Үүл дарга, одоогийн С.Батболд даргын аль алиных нь шийдвэр тэнгэрт хөөсөрч, газарт буугаагүй байна. Үүний тод жишээ бол Баянгол дүүргийн VI хороо аравдугаар хороолол дахь XVIII, XIX, XX байрны дунд хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайг нэгэн эрхэм эрх дураараа эзэмшиж байна. Хоёр даргын хориглосон шийдвэрийн үед тэрбээр байруудын дундах нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгочхож. Одоо байрны оршин суугчид хүүхдээ аюулгүй тоглуулах орчноо тохижуулах гэхээр бусдын эзэмшлийнх болчхоод, шороог нь ч хөндөх эрхгүй гайхаад сууж байна.
XVIII, XIX, XX байр хуучны угсармал таван давхар байрууд. Алга дарам газрыг үлдээхгүйгээр талбайгаа томруулахыг боддог барилгын компаниуд одоогийнх шиг дэлгэрээгүй үед барьсан болохоор тус байруудын дундах нийтийн эзэмшлийн талбай овоо зай талбайтай юм. Тиймдээ ч тойрсон дөрвөн байрны 240 айлын хүүхэд, хөгшид, дээр нь зэргэлдээ байруудын оршин суугчид энэ талбай руу хошуурдаг гэнэ.
Гэвч суух тухтай газаргүй, хүүхдээ аюулгүй тоглуулах орчин энд алга. Олон жилийн өмнө байрны хөгшид нийлээд хоёр модон саравч барьсан нь эдүгээ нялх хүүхэдтэй ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хөгшчүүлтэйгээ чихцэлдэн суухаас аргагүй болж. Нарлах өөр тухтай саравч, сандал үгүй. Тус талбайд хүүхдэд зориулсан тохижилт гэвэл хуучны төмөр савлуур, гулгуур зэргээс хэтрэхгүй. Талбайн ихэнх хэсгийг цементэлж, үлдсэн багахан талбай нь элс хайргандаа баригджээ. Ногоон байгууламж муутай, олон жилийн настай хэдхэн мод торойж байна.
XX байрны залуу ээж Н.Уртнасан хүүхдийн тоглоомын талбайг орчин үеийн аюулгүй тоглоом суурилуулж, зөөлөвчтэй шалавч зэргээр тохижуулах санаачилга гаргаж СӨХ-доо хандахад “Боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна. Тэрбээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандахад тус газрын Дэд бүтэц тохижилтын хэлтсээс “18, 19, 30 дугаар байрны гадна талбай нь Нийслэлийн Засаг даргын А/752 дугаар захирамжаар иргэн Ц.Нарангэрэлд эзэмшүүлсэн тул тохижилт хийх боломжгүй” гэж хариулжээ.
Тэрбээр энэ асуудлыг орхилгүйгээр Нийслэлийн газрын албыг зорьсон байна. Тус газраас илгээсэн хариуг та харж байна. “Иргэн Н.Уртнасан танаа тус дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай байгуулах хүсэлтэй газар нь иргэн Ц.Нарангэрэл нийслэлийн Засаг даргын 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний А/327 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж авсан. Хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул иргэн Ц.Нарангэрэлийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй байна” гэж. 240 айлын дундын эзэмшлийн талбайг бусдад эзэмшүүлчихдэг, түүнийгээ жил бүр сунгачхаад “Хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд яасан ч зөвшөөрөл олгохгүй” гээд хэлж суудаг хотын удирдлагууд байж болох уу?
Нэг иргэний эрх ашгаас болж олон арван хүүхэд аюулгүй орчинд тоглож наадах эрхгүй болж байна. Сайжруулаад, орчноо тохижуулаад авъя гэж санаачилга гаргасан иргэнээ шийдвэр гаргагч эрхмүүд ингэж мохоож байна. Харин дараа нь иргэдийн хариуцлагагүй байдал гэж буруутгах. Яг энэ тохиолдлыг оршин суугч Н.Уртнасан хэлж байв.
Тэрбээр “Уг нь би санаачилга гаргаад хүсэлт тавивал аль аль шатандаа шийдээд өгчих боломжтой юм байна гэдгийг сонгуулийн үеэр ойлгосон. Учир нь сонгуулийн үеэр нэр дэвшиж байгаа хүмүүс “Та нар тухайн үедээ хэлэх ёстой байсан. Тэгсэн бол шийдчих боломжтой асуудал” гэж ярьж байсан. Үүнээс үүдээд иргэн эхлээд санаачилга гаргаад явбал шийдвэр гаргах хүмүүс хүлээж авах нь гэж ойлгосон нь буруу байж. Худлаа зүйл юм байна” гэж байв.
2013 онд тус байрны нийтийн эзэмшлийн талбайг авсан иргэн Ц.Нарангэрэл одоог хүртэл тус газарт ямар нэгэн барилгын ажил эхлүүлээгүй байна. Эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглахгүйгээр хугацаа алдсан иргэдийн газрыг хураах шийдвэр ч Хотын захиргаанаас гарч байсан. Гэтэл эсрэгээрээ энэ иргэнд газрынх нь хугацааг сунгаж өгсөөр л байгаа аж. Одоо тус байруудын оршин суугчид нийтийн эзэмшлийнх нь талбайг авсан иргэнийг хэзээ ирж барилга барих бол гэж эмээж сууна.
Манай нийслэлд нэг л болохгүй зүйл байна. Барилгажилт нэмэгдээд хот хөгжөөд байгаа юм шиг хэр нь сүүлд баригдсан бүхий л барилга нь нийтийн эзэмшлийн талбайгүй. Үүний төлөө оршин суугчид байнга л хэрүүл тэмцэл болно. Харин байсан жаахан талбайг нь бусдад худалдчихна. Өөрсдөө ийм алхам хийчхээд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газаргүй гэж дээр дооргүй ярьдаг. Бас хориглосон захирамж гаргадаг. Цаасан дээрх тушаал шийдвэрүүд бодит байдал дээр хэзээ хэрэгжих вэ?
Эх сурвалж: Зууны Мэдээ