Гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого буурч, эдийн засаг агшсан энэ үед дотоодын худалдааны салбарын нийт борлуулалт 9.5 хувиар буурсан дүнтэй байна. Ялангуяа оны эхний есөн сарын байдлаар жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 16.5 хувиар буурч, гурван их наяд 746.8 тэрбум төгрөг болсон гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Оны эхний гурван улирлын дүнгээр жижиглэн худалдааны борлуулалт 2012 онд өмнөх оноосоо хоёр дахин өсөж, 2.4 их наяд төгрөгт хүрсэн байдаг. Үүнээс хойш жижиглэн худалдааны борлуулалт өсөлтөө тогтмол хадгалж байсан ч энэ онд ийнхүү буурлаа. Улсын хэмжээнд оны эхний есөн сард 69.5 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 38.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт хамаарч байгаа юм.
Худалдан авалт буурч байгаа энэ үед хямдрал урамшуулал зарлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаараа “БОСА” компаниас мэдээллээ. Гэхдээ сүүлийн саруудад валютын ханшийн өсөлт эрчимжсэн нь хүнс импортолж байгаа компаниудын хувьд хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгааг тус компанийн дэд захирал онцолж байна.
Э.Анхбаяр