Д.ЦОГТБААТАР: Өвдсөн хойно нь үнэтэй эмчилгээ хийх биш өвдөхгүй байхын тулд анхаарах ёстой

438

Сүхбаатар дүүрийн Эрүүл мэндийн төв, I-VI хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын Ажлын албанаас хамтран “Амьдралын зөв дадал-Эрүүл мэнд” иргэний эрүүл мэндийн боловсролд дэмжлэг үзүүлэх уулзалт, өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр “Дүүргийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт”, “ӨЭМТ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээний төрөл, өнөөгийн байдал” танилцуулгыг тус өдөрлөгт оролцсон мэргэжлийн хүмүүс хийв.

 Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар уг арга хэмжээний талаар “Иргэд олон нийтэд эрүүл мэндийн чиглэлээр явуулж буй төрийн бодлогыг сурталчлах, үнэ төлбөргүй эмчилгээний талаарх мэдээллийг таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэхүү уулзалтаар иргэд маань эрүүл байх, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ гэдэг мэдээллийг цогцоор нь авсан. Төрийн бодлого өвдсөн хойно нь үнэтэй эмчилгээ хийх биш өвдөхгүй байхын тулд юу хийх ёстой вэ гэдэг дээр анхаарч байгаа. Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээсээ хамаагүй бага зардал гардаг эдийн засгийн ач холбогдолтой” гэдгийг онцлон хэллээ.  Дашрамд дуулгахад, энэхүү өдөрлөгт оролцогчдод эрүүл мэндийн  үзлэг, оношлогоо, зөвөлгөөг үнэ төлбөргүй хүргэлээ.