Чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр цаг сунган хуралдуулж Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, 51 гишүүний 49 нь буюу 94.1 хувийн саналаар хуулийн төслийг батлав.
Төсвийн байнгын хорооны танилцуулгад дурдсанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.
Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын жагсаалтаас нэмж санхүүжилт олгох шаардлагагүй, 719.6 сая төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 3 төсөл, арга хэмжээг хасч, өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийн гүйцэтгэлийг үндэслэн 9 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 2 тэрбум 339.3 сая төгрөгөөр бууруулсан.
Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож 14 тэрбум 300.0 сая төгрөгөөр бууруулснаар нийтдээ хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 2017 онд санхүүжүүлэх дүнг 17 тэрбум 961.7 сая төгрөгөөр хасч тооцжээ.
Ингээд Монголын Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид, тэдгээрийн харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг хуулийн төслийн 3 дугаар зүйлд заасны дагуу, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг хуулийн төслийн 5 дугаар зүйлд заасны дагуу тус тус баталлаа. Мөн “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус батлав.
Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт 132 тэрбум 183.7 сая төгрөг, гэж тооцжээ.
Төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 206 тэрбум 308.3 сая төгрөг байхаар тус тус баталсан юм.
Харин 2017 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зардлын нийт хэмжээг 53 тэрбум 13.5 сая төгрөгөөр баталлаа.
Дараа нь Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 46 нь буюу 90.2 хувь нь дэмжиж баталлаа.
Ингэснээр Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 1,999,863.5 сая төгрөг, тус сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах нийт төсвийн хэмжээ 1,891,751.5 сая төгрөг байхаар тус тус батлагдлаа.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсэг, хууль тогтоомжийн төсөл дээр ажилласан бүх хүнд талархал илэрхийллээ.
ТӨСВИЙН ТӨСӨЛТЭЙ ХАМТ ӨРГӨН БАРИГДСАН ТӨСЛҮҮДИЙГ БАТЛАВ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульдөөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хийсэн юм.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Ингээд хууль тогтоомжийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалтыг төсөл тус бүрээр явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
Үүгээр төсвийн тодотголтой хамт өргөн баригдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд батлагдлаа.
Мөн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан юм.
Уг тогтоолд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 12 заалт бүхий тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.