Зорчигчоо онгоцноос чирч буулгасан Юнайтед Айрлайнзийн захирал уучлал гуйлаa

567

Юнайтед Айрлайнз компани өнгөрсөн Ням гарагт нэгэн Ази зорчигчийг онгоцноос хүчээр чирч буулгасан нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хүмүүсийг ихээр бухимдуулсан билээ.

Тэгвэл энэ хэрэг явдалд уучлал гуйлгүй, компаниа өмөөрч байсны эцэст Юнайтед Айрлайнзийн гүйцэтгэх захирал Оскар Мунoз өчигдөр буюу Мягмар гарагт уучлал гуйсан мэдэгдэл гаргажээ.

“Онгоцноос хүчээр буулгасан зорчигч болон онгоцонд байсан бүх зорчигчдоос уучлал гуйж байна. Ийм байдлаар хэнтэй ч харьцах ёсгүй” гэж Муноз мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Ням гарагийн орой Чикагогоос нисэх гэж байсан онгоцонд энэ хэрэг гарсан юм. Тухайн зорчигчийг тийз нь давхардсан шалтгаанаар онгоцноос буух шаардлага тавьж, ингэхдээ хүч хэрэглэсэн байна.

Зорчигч Дэвид Дао нь 69 настай хятад гаралтай хүн байсан бөгөөд компанийн удирдлагын хайхрамжгүй байдалд дургүйцсэн хятадууд 480 сая хэрэглэгчтэй Вэйбо сошиал сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.

Юнайтед Айрлайнз компани нь АНУ-Хятадын чиглэлийн нислэгийн 20 хувийг эзэмшдэг, Хятадын Air China компанитай хамтран ажилладаг тул дээрх хэрэг явдал хятадуудын хувьд эмзэг сэдэв болсон нь тодорхой.

Эхэндээ компанийн зүгээс зорчигчийг буруутгасан аястай мэдэгдэл гаргаж байсан нь олон нийтийг бухимдуулж, Юнайтед Айрлайнзийн нислэгүүдийг бойкот хийх хөдөлгөөн өрнөж байв.

Хэрэг явдал Цагаан ордны анхаарлын төвд орж, Трампын засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер “Энэ видеог үзсэн хэн бүхэнд айдас төрөх нь тодорхой байна” гэж сэтгүүлчдэд ярьсан юм.

Хүч хэрэглэн онгоцноос буулгасан зорчигч одоогоор Чикагогийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Америк дахь Ази гаралтай иргэдийн эрхийг хамгаалах байгууллага Мягмар гарагт эсэргүүцлээ илэрхийлэхээр болсон байна.

 

Эх сурвалж: Associated Press