‘Хүрхрээ’ үндэсний дээд лигийн аварга ‘Эрчим’ клуб Азийн Хөлбөмбөгийн Холбооны ‘AFC cup’ тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөөдөр эх орондоо 16:00 цагт хийнэ. Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд хүлээн авах учраа нь БНАСАУ-ын ‘Кигванча’ баг.
Үндэсний дээд лигийн аваргууд ‘AFC cup’ тэмцээний нэгдүгээр хэсгийн эхний тоглолтоо БНАСАУ-ын лигийн 15 удаагийн аварга ‘4 сарын 25’ багтай өнгөрсөн сарын 14-нд хийж 6:0-оор хожигдсон.
Иймд эхний ялалтаа авах хариуцлагатай тоглолтод оролцох Үндэсний дээд лигт 10 түрүүлсэн Монголын шилдэг клуб “Эрчим” багаа үзэгч та бүхэн олноороо очиж уухайлан дэмжээрэй.
‘Кигванча’ багт БНАСАУ-ын багт үндэсний шигшээгийн хоёр тоглогч, олимпийн шигшээ багийн найман тоглогч багтсан аж. Гэхдээ эх орондоо хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглож байгаагаараа ‘Эрчим’ клубт давуу тал олон бий. ‘AFC cup’ тэмцээний нэгдүгээр хэсгийн тоглолтууд хоёр тойрог явагдана.
‘Эрчим’ клуб ирэх сарын 17-нд МХБХ-ны талбайд ‘4 сарын 25’ клубтэй даагаа нэхнэ. Сүүлийн тоглолтоо хойд Солонгост ‘Кигванча’ багтай тоглох хуваарьтай. Өнөөдрийн тоглолтын тасалбар 5000 төгрөгийн үнэтэй юм байна.