АмЧамын Америк руу хийсэн бизнес айлчлал хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа

606

Вашингтон хот, АНУ – 2017 оны 6-р сарын 12-14-ний өдрүүдэд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) нь жил бүр Вашингтон хотноо зохион байгуулдаг АНУ руу хийх бизнес айлчлалаа дөрөв дэх удаагаа, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтын удирдлага дор зохион байгууллаа. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд АмЧамын 20 гаруй төлөөлөгчдөөс гадна Монгол Улсын Гадаад харилцааны сайд ноён Ц. Мөнх-Оргилоор ахлуулсан Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид болон Монгол Улсаас АНУ-д Суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б. Алтангэрэл нар урилгаар оролцлоо.

Бизнес айлчлалын хүрээнд төлөөлөгчид  АНУ-ын Худалдааны Танхим, Төрийн департамент, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Худалдааны Төлөөлөгчийн Газар, Сангийн яам, Эксим банк, Төлөөлөгчдийн Танхим, Сенат болон Хилийн Чанад дахь Америкийн Хувийн Хөрөнгө Оруулалтын Корпораци зэрэг АНУ-ын төрийн болон хувийн хэвшлийн нөлөө бүхий байгууллагууд, Монгол Улсаас АНУ-д Суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид болон бусад бизнесийн төлөөлөлтэй  ажил хэрэгч уулзалтууд хийлээ.

Бизнес айлчлалын нээлтийн уулзалт нь Америкийн Худалдааны Танхим (АХТ) байгууллагын төв оффист болсон ба АХТ-ын Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Тами Овербая төлөөлөгчдийг угтан авсан нээлтийн үгэндээ “Америкийн Худалдааны Танхим нь Монгол Улсыг АНУ-ын улс төрийн болон худалдааны чухал түнш гэж үздэг. Бид хоёр улсын харилцааг улам сайжруулахад та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Бодлогын болон харилцаа холбооны хувьд харьцуулашгүй их нөөцтэй АмЧам Монгол нь АХТ-ын Монгол дахь хамгийн чухал түнш” гэсэн юм.

АНУ-с Монгол Улсад Суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт

60 орчим хувийн хэвшлийн болон төрийн төлөөлөгчид оролцсон “АНУ-Монгол улсууд дипломат харилцааны 30 жилийн ой ба Монгол улсын өнөөгийн эдийн засаг, хууль эрх зүй болон бизнесийн орчин” сэдэвт дугуй ширээний уулзалтын үеэр хэлсэн үгэндээ

“Энэ удаагийн бизнес айлчлал нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй онцлог арга хэмжээний нэг бөгөөд, эдийн засаг болон худалдааны харилцааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болж байна.
АмЧам Монгол нь Америк болон Монгол бизнесүүдийг холбох, Монгол Улсын Засгийн газартай хамтарч бизнесийн орчинг сайжруулах чиглэлд хамтран ажилладаг бидний хамгийн сайн түнш болсоор ирсэн юм” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил дугуй ширээний уулзалтын үндсэн  илтгэлийг тавихдаа

“АНУ бол Монгол улсын хувьд онцлох гуравдагч хөрш орон ба бид Америкийн хөрөнгө оруулалт, ноу-хау, технологи болон менежментийн арга барилуудыг Монголдоо нутагшуулан авахыг хүсч байна” хэмээсэн юм.

Бизнес айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол улс болон олон улсын тэргүүлэх компаниуд болох Азиа Пасифик Инвестмент Партнерс, Алтай Холдинг, АПУ, Би Ти ЭФ ХХК, Вагнер Эквипмент Ко, Виртус ассет менежмент, Вүүдмонт Интернейшнл, Голомт банк, Катерпиллар Инк, Кашмер Холдинг Компани, МахониЛиотта ХХН, Монголын Артизан Бяслаг Үйлдвэрлэгчдийн Холбоо, Оюу Толгой ХХК, Туушин Групп, Хаан банк, Хас банк, Худалдаа Хөгжлийн Банк болон Эм-Эс-Эм Групп зэргийн  гүйцэтгэх удирдлагууд оролцсон юм.

“АмЧам Монголын Бизнес айлчлал нь маш амжилттай болж өнгөрсөн нь АНУ-Монгол улсын  хооронд худалдааны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна  гэдэгт итгэж байна”

хэмээн Бизнес айлчлалд оролцсон Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөлийн дарга Жэксон Кокс хэлсэн юм.

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта айлчлалыг хааж хэлсэн үгэндээ

“Энэ удаагийн Бизнес айлчлал нь миний мэдэхийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй байлаа. Ингэснээр Монгол Улс илүү хувийн хэвшил болон чөлөөт зах зээлд суурилсан илүү нээлттэй, хөгжилтэй бас эрсдэлгүй улс болох чиглэлийг барьж эхэллээ гэх итгэлийг надад төрүүлж байна” гэсэн юм.

Энэхүү Бизнес айлчлал нь Монгол улсын хүнсний ууган манлай үйлдвэр АПУ ХК болон судалгаа суурьтай био эмийн компани Гилейд Саянсэс Инк компаниудын ивээн тэтгэлэгтэйгээр мөн Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан юм.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны оффис юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

АНУ-Монгол Улсын хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх хүчин чармайлтын хүрээнд АмЧам Монгол нь 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон энэхүү бизнес айлчлалыг зохион байгуулж байна. Энэхүү Бизнес айлчлал нь АНУ-ын болон Монголын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад бизнесийн харилцаа тогтоох, АНУ-ын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын нөлөө бүхий төлөөлөлтэй хийх тусгай арга хэмжээнд оролцох, санхүүжилт эрэлхийлэх, болон Монгол Улсад Америкийн хөрөнгө оруулалтыг татах боломжийг судлах  зэрэг ховор боломжуудыг олгодог юм.