Д.Лүндээжанцан: Монголын парламентын нэр хүндийг илтгэсэн чухал үйл явдал боллоо

559

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 1-5-ны өдрүүдэд Бангладешийн Дакка хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганы үеэр тус холбооны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргаллаа. Энэ үйл явдалтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонссон юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-ОУПХ-ны ээлжит чуулганы үеэр орон орны парламентын тэргүүнүүд уулзаж парламент хоорондын төдийгүй улс хоорондын болоод ард түмэн хоорондын харилцааны асуудлаар ярилцдаг уламжлалтай.

Парламентад өөрийгөө үнэлэх, дүгнэх шалгуур үзүүлэлт байдаг юм. НҮБ, Олон Улсын Парламентын Холбоо хоёр нийлээд энэ шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлдэг. Үүнийг Монгол Улсад хэрэгжүүлбэл болох юм гэдэг асуудал энэ үеэр болсон уулзалтаар хөндөгдлөө. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг Женевт мэргэжил дээшлүүлж чадавхижуулах асуудал бас яригдлаа.

ХБНГУ-ын Бундестагийн дарга Норберт Ламмерт УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол, Германы парламентын тэргүүн нарын Даккагийн энэхүү уулзалт нь Улаанбаатар-Берлинд уулзаж байсан өмнөх уулзалтуудын гол шийдлүүдийг цааш үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Ер нь Монголын парламентын нэр хүнд олон улсын тавцанд өсөж буйн олон илрэл нь ОУПХ-ны энэ удаагийн чуулганы үеэр харагдлаа. Үүний нэг тод баримт нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ удаагийн чуулганы үеэр тус холбооны Ази, Номхон далайн парламентын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа явдал юм.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил:

-Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Бангладешийн Дакка хотод болж байгаа ОУПХ-ны ээлжит чуулга уулзалтад амжилттай оролцож байна.

Дэлхийн парламентуудыг эгнээндээ нэгтгэсэн энэ том байгууллагын Ази, Номхон далайн орнуудын парламентын бүлгийн даргын ажлыг энэ жил Монгол Улс гүйцэтгэж байгаа. Тиймээс Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ том бүлгийн хуралдааныг даргалан хуралдуулж, бүлгийн хурлын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар чуулганы нэгдсэн хуралдаанд Ази, Номхон парламентын бүлгээс оруулж танилцуулах санал, зөвлөмжийг нэгтгэн базаж, зохицуулах үүргийг бүлгийн даргын хувьд М.Энхболд дарга гүйцэтгэж байгаа юм.

ОУПХ нь бүс нутгийн 6 бүлэгтэй, түүний нэг нь Ази, Номхон далайн бүлэг юм. Уг бүлэгт тус холбооны гишүүн 33 парламент багтдагийн дотор Япон, Энэтхэг, БНХАУ, Канад, БНСУ, Австрали зэрэг дэлхийн томоохон улс орон байдаг. Олон улсын парламентын ийм том бүлгийн хуралдааны даргаар Монголын Улсын Их Хурлын дарга сонгогдон ажиллаж байгаа нь нэг талаас Монголын парламентын нэр хүнд дэлхийн түвшинд хэр байгаагийн илрэл, нөгөө талаас Улсын Их Хурлын дарга М.Энхболд бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй,  туршлагатай парламентч гэдгийг харуулсан чухал үйл явдал юм.

Мөн Улсын Их Хурлын дарга ОУПХ-ны Ассамблейд оролцох үеэрээ дэлхийн олон орны парламентын удирдлагууд, тэр дундаа бидний гол түнш болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын дарга, удирдлагуудтай уулзаж яриа хэлэлцээ хийж байгаа нь хоёр орны парламент хоорондын төдийгүй улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, соёл хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн үр нөлөөтэй арга хэмжээ болж байна гэлээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс