Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ энэ сарын 1-2-нд Спортын төв ордны “А” зааланд боллоо. Эрэгтэйчүүдийн 36, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн тэмцээнд нийслэл, дүүрэг, хөдөө, орон нутгийн 36 байгууллагын 345 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорив.
Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, ААШТ-ий мөнгөн медальт Н.Насанбуян, 74 кг-д өсвөр үеийн ДАШТ болон ААШТ-ий мөнгөн медальт З.Сумъяабазар, эмэгтэйчүүдийн 67 кг-д өсвөр үеийн ААШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Даваанасан нар өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, улсын хошой аварга боллоо.
Өнгөрсөн жилийн улсын аваргууд болох залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Мөнгөншагай, “Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт Б.Дөлгөөн, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт П.Отгонбаяр нар финалдсан ч ялагдав.
Эрэгтэйчүүдийн багийн дүнг Ж.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, Д.Урианхай дасгалжуулагчтай “Аварга” БТДС, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо удаалав. Эмэгтэй багийн дүнг Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко”, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар”, Кажимукан дасгалжуулагчтай Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клуб эхний гурван байрыг эзэллээ.
Нийлбэр дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 98 оноогоор тэргүүлж, спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб 83, спортын мастер Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль 66 оноогоор удаалав.
Энэ жилийн Н.Насанбуян, З.Сумъяабазар, Э.Даваанасан нар аваргаа хамгаалав. Залуучуудын улсын аваргууд зургадугаар сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод ААШТ, наймдугаар сарын 1-6-нд Финляндын Тампере ДАШТ-д оролцох учир ширүүхэн өрсөлдөөн гарлаа.
Тэмцээний дүн:
Эрэгтэй:
- 50 кг-Н.Насанбуян (Хан-Уул, Мегастарс)
- 55 кг-Б.Ариунболд (ТСБТСДС)
- 60 кг -Ц.Цогбадрах (Алдар)
- 66 кг-Т.Тулга (ҮБТДС)
- 74 кг-З.Сумъяабазар (Хангарьд)
- 84 кг -М.Цогтгэрэл (Орхон, Ирээдүйн одод)
- 96 кг -Ч.Алтангэрэл(Баянхонгор)
- 120кг -М.Лхагвагэрэл (Аварга)
Эмэгтэй:
- 44кг- Г.Пүрэвсүрэн (Мөнхийн хүчтэн)
- 48 кг-Б.Чимгээ (Женко)
- 51 кг-Т.Ариунзаяа (Хангарьд)
- 55 кг- Б.Болортуяа (Женко)
- 59 кг-Б.Болор-Эрдэнэ (Алдар)
- 63 кг -Б.Сарнай (Налайх, Мөнхийн хүчтэн)
- 67 кг-Э.Даваанасан (Алдар)