Ард түмний итгэлээр 65 суудал авсан МАН мэргэжлийн түвшинд ажиллаж эдийн засгийн хямралтай үеэс түмэн олноо гаргана хэмээн ам өгсөн. Гэвч хямралыг давах том ажлыг нугалах ёстой, илүү их хариуцлага хүлээж буй МАН-ын Засгийн газар салбар яамдынхаа тэргүүнээр ‘үл бүтэх’ хүмүүс тавьсан нь эхнээсээ харагдаж байна.
Эдийн засгийн хямралын энэ цаг үед улс орны чухал салбаруудын нэг болох Сангийн сайдаар МАН-ынхан бизнесмэн Б.Чойжилсүрэнг томилсон. Түүний хувьд УИХ-ын гишүүний нэр нөлөөгөөр бизнесийн салбарт нэлээн мандаж яваа нэгэн гэхэд болно. Мань хүн бизнесийн салбарт мундаг байж болох ч улс орны санхүү эдийн засгийн бодлогыг авч явах түвшинд үнэхээр жульдаж байна. Түүний хувьд улс орны санхүү эдийн засгийн бодлогыг хариуцаад явах хэмжээний мэдлэг чадваргүй нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдлаа.
Мэдлэг чадвар хомс Б.Чойжилсүрэнд МАН-ынхан улс орны эдийн засгийн асуудлыг даатгасан нь МАН-ын хамгийн муу сонголтын нэг гэж хэлж болно. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй, МАН-ын сонгуулийн амлалтнаас ухарсан хэд хэдэн хуулийн төсөл оруулж ирэн намынхаа нэрийг шороотой хутгасан. Энэ үйлдэл хэдэнтээ болсны эцэст Монгол Улс Чойжоогийн гараар дамжин Олон улсын валютын сан /ОУВС/-гийн гарт оров.
Асуудлын гол нь Монгол Улс уул уурхай, гаднын зээл тусламж гэх мэт зүйлээс алдаж буй асар их мөнгөнүүдээрээ эдийн засгийн хямралаас гарч, өр зээлээ төлөх боломжтой ч энэ бүхнийг зохицуулах ёстой Б.Чойжилсүрэн хойш сууж, өөрийн хийх ёстой улсын ажлыг ОУВС гэгчид даатгачихаад зөвхөн өөрийн ашиг орлогоо нэмэгдүүлэх гэж зүтгэж байгаад хамаг учир нь оршиж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн Цагаан хадны боомтын тээврийн бизнесийг гартаа оруулж, тэндээс амьжиргаагаа залгуулж буй иргэд, олон зуун жолооч, тэдний ар гэрийнхний амьдралыг үгүй хийхээр улайрч байгаа гэнэ.
Цагаан хадны боомт бол Таван толгойн нүүрсний урагшаа гардаг нэг чухал гарц юм. Харин үүнийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн өөрийн болгож зөвхөн өөрийн машинуудыг явуулахаар зэхэж байгаа аж.
Улмаар Таван толгойн нүүрсний тээврийн бизнес Чойжоогийн гарт бүрэн орж ч мэдэх юм. Таван толгойн нүүрс болон түүний тээврээс Монголын олон мянган өрх амь зуудаг. Гэсэн ч тэдний яах нь Чойжоод ямар ч хамаагүй, зөвхөн өөрийн ашиг орлогыг л нэмэгдүүлэхээр зүтгэж байна. Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хад хүртэл 230 км бөгөөд Таван толгойн нүүрс энд буугаад, эндээсээ Хятадын хил рүү богино рейсээр зөөгддөг байна. Цагаан хаданд 4500 гаруй нүүрс тээврийн машин нүүрсээ буулгадаг тэндээс дахин ачилт хийгдэн 23 км яваад Хятадын хил хүрдэг байна. Цагаан хадны энэ амьжиргааг дагаад тэнд 2000 орчим жолооч ажиллаж, 10 мянга гаруй хүн суурьшсан байна. Гэтэл Цогтцэцийгээс Цагаан хад хүртэл 230 км нүүрс зөөж, буулгах нь байгаль орчинд хор хохирол учруулж байна хэмээх нэрийн дор Б.Чойжилсүрэн тэдгээр хүмүүсийн амьжиргааны эх үүсвэрийг зогсоож, энэ бизнесийг өөрийн болгох ажлаа эхлүүлчихээд явж байна.
Уг нь Засгийн газар иргэдээ ажилтай, орлоготой байлгах үүднээс тэнд засмал тавьж, байгаль орчны бохирдлыг зогсоож, Цагаан хаданд ус, цахилгаангүй амьдарч буй 10 мянга орчим хүний асуудал, цаашлаад тэдний ард буй 30-40 мянган хүний амьжиргааг таслахгүй байж болохоор. Тэгтэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн хоорондоо 23-хан км-ийн зайтай Цагаан хад, Хятадын хил хоёрын дунд аль алинаас нь 10 хэдэн км зайтай газарт 3000 машины хашаа барьж, тэндээ Хятадын талаас ус, цахилгаанаа татчихаад зам, барилга байгууламж гэх мэт дэд бүтцээ байгуулаад явж байна. Бүр тэр ажлыг нь хариуцаж буй багаа өөрийн биеэр ахалчихаад явж байгаа аж. Уг нь дахиад 10 хэдхэн км яваад ус, цахилгаангүй амьдарч буй олон хүн болон тэнд нүүрсний тээвэр хийдэг олон мянган хүн, аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдэж болно.
Гэсэн ч Б.Чойжилсүрэнгийн хязгааргүй шунал тэдгээр хүмүүсийн амьжиргааг үгүй хийж, 5 сарын 01-ээс эхлэн бүх нүүрс тээвэрлэлтийг зөвхөн өөрийн эзэмшлийн хашаанд буулгуулж, тэндээсээ Хятад уруу зөөх гэж байна. Улмаар Тавантолгойгоос Цагаан хад, Цагаан хадаас Хятадын хил хүртэлх нүүрсний тээврийн бизнесийг бүхэлд нь гартаа оруулахаар машин техникээ бэлдээд эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Нүүрсний тээврээс олдог орлого бол тоймгүй их. Харин тэрхүү орлогыг олон монгол хүн хуваан хүртэх ёсгүй, гагцхүү Б.Чойжилсүрэн гэгч хязгааргүй шуналтан л ганцаараа хүртэх ёстой юм гэж үү.
Э.Төгс