Айл өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа өнөөдөр улс орон даяар 09.00 цагт нээлтээ хийж байна. Гурван жил тутамд нэг удаа хийгддэг энэ судалгааг энэ жил шинэчилсэн байдлаар хийж байгаагаар ихээхэн онцлогтой гэдгийг албаныхан хэлж байна.
Тэгвэл Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг орон даяар эхлүүлж байгаа талаараа ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа “Өрхийн мэдээллийн санг шинэчлэх зорилгоор Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлыг орон даяар энэ сарын 31-ний 09.00 цагт эхлүүлж ирэх сарын 09-ны 18.00 цагт дуусгана.
Мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд 7900 орчим бие бүрэлдэхүүн ажиллана. Өрхийн мэдээллийн сангаас нийт 600.000 өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар бэлтгэлийг хангаад байна. Онооны үр дүнгээс хамааран үйлчилгээ тусламжид хамрагдах боломж бүрдэнэ.
Судалгаанд хамрагдах боломжтой эсэхээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулна. Хэрэв тухайн өрх судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй бол сум, хороондоо өргөдөл, хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломжтой. Судалгааны мэдээлэл цуглуулах өдрүүдэд гэртээ ярилцлага өгөх боломжтой, насанд хүрсэн гишүүнийг байлгах хэрэгтэй. Мөн зайлшгүй үед сум, хорооны судалгааны баг руу мэдэгдэж урьдчилан цаг тохирч гэртээ тоологчийг ирүүлж асуулга өгч болно” гэжээ.
Дашрамд сонирхуулахад өрхийн амьжиргааг судлах судалгаанд 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.
Эх сурвалж http://www.info.mn